
Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын гуравдугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна.
Тус аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарчээ. Энэ зун Завханы нийт нутгаар агаар, хөрсний температур эрс нэмэгдсэнээс ургамлын гарц муудах төлөвтэй гэнэ. Орон нутгийн удирдлагуудын зүгээс 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, орон нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр УОК-т хэд хэдэн хүсэлт гаргасан байна. Тухайлбал, БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж буй 25 МВт-ын дулааны цахилгаан станцын гацсан ажлыг яаралтай эхлүүлэх, Могойн голын уурхайгаас хангадаг нүүрсний нийлүүлэлтийг хэвийн болгох, Арц суурь боомт руу тавьж буй авто замын ажлыг эрчимжүүлэх, зүүн аймгуудаас хадлан бэлтгэхэд зориулж газар олгох, аюулгүйн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг УОК-т уламжилжээ.
Шадар сайд Н.Номтойбаяр “Цаашид Засгийн газраас орон нутагт санхүүгийн эрх мэдэл олгож, ИТХ нь үүнд хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна” гэв. Түүнчлэн төв, зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй зах зээл, эдийн засагтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай газруудад туулах чадвар сайтай автомашиныг олгохоо мэдэгдлээ.
Н.БУЯН