Манай улсад энэ сарын 22-27-нд болсон IMC-2026 олон улсын математикийн 26 дахь олимпиадад 32 орны 600 гаруй сурагч өрсөлдөж, Монголын баг гурван алт, 15 мөнгө, 32 хүрэл медаль хүртсэнээр нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарсан билээ. Бахархам амжилт үзүүлсэн багш, сурагчид болон зохион байгуулагчдын төлөөллийг Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. IMC-2026-гийн үеэр гадаадын 1100 гаруй зочин, төлөөлөгч манай улсад иржээ. Зохион байгуулагчдын тооцоолсноор энэ удаагийн олимпиад Монгол Улсад ойролцоогоор найман тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт үлдээсэн гэнэ.
Гэвч үйл ажиллагааны зарим зардлаа одоо болтол төлж чадаагүй, хувиасаа шийдэхээс аргагүйд хүрээд буй талаар тус олимпиадыг зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан нийгмийн сүлжээнд уржигдар хуваалцсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд өчигдөр түүнтэй уулзахдаа “Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж өгнө. Та үүнээс болж зуслангийн байшингаа зарах шаардлагагүй” гэв.
Н.ДҮҮЛ