
Их Монгол Улсын 820 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Засгийн газар ирэх сард Хэнтий аймгийн Биндэр сумын “Их хуралдай” цогцолборт ээлжит бус хуралдаанаа, УИХ Өвөрхангайн Хархоринд хүндэтгэлийн чуулган зохион байгуулах талаарх мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тархсан. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхнаас өчигдөр энэ талаар тодруулахад “Өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр уг асуудлыг хэлэлцэж, эхний байдлаар зөвшилцсөн. Яг төдний өдөр ингэж хуралдана гэсэн албан ёсны шийдвэр гаргаагүй. Хуралдаан зохион байгуулсан тохиолдолд хүн хүч, зардал мөнгөнд хэмнэлттэй байдлаар төлөвлөж хийнэ. Нүсэр арга хэмжээ болгож бус, хүндэтгэлийн хэлбэрээр зохион байгуулах болов уу” гэсэн юм. Ташрамд дурдахад, манай улс түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Биндэр сумд “Их хуралдай” цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулсан билээ. Эл газарт 1206 онд монгол төрийн их хуралдай анх чуулж, Чингис хааныг их эзэн хаанаар өргөмжлөн, Их Монгол Улсыг байгуулсан түүхтэй. Тэгвэл Засгийн газар тэгш ойн баяртай холбогдуулан түүхэн газарт хуралдахаар төлөвлөсөн бололтой.