Дэлхийн археологийн салбарын хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөртэйд тооцогддог “Antiquity” сэтгүүл Монгол, Францын хамтарсан экспедицийн судалгааны үр дүнг наймдугаар сарынхаа онцлох өгүүллээр нэрлэж, малтлагын үеийн зургийг нь эхний нүүрэндээ хэвлэжээ. МУИС-ийн багш, археологич, доктор, профессор Ц.Төрбатын удирдсан эл экспедиц Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Тамирын улаан хошууны Хүннүгийн оршуулгын дурсгалт газарт олон жилийн турш малтлага, судалгаа хийж, Хүннүгийн соёлтой холбогдох үнэт олдворыг илрүүлэн, удамшил зүй болон хүн ам зүйн талаас нь цогц судалсан юм.
МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн цахим хуудсанд эл төслийн талаар “Ц.Төрбат тэргүүтэй археологичид Тамирын голын хүннүчүүдийн эдийн соёлыг судлахаас гадна тэдний удамшил зүй, антропологи, ДНХ-ийн цогц судалгааг Францын Э.Крюбезы тэргүүтэй эрдэмтэдтэй хамтран лабораторийн түвшинд хийснээрээ олон улсад өндрөөр үнэлэгддэг” гэж дурдсан байна. Археологичид хээрийн судалгааны үр дүнд үндэслэн өнгөрсөн хугацаанд “Тамирын голын хүннүчүүд”, “Тамирын улаан хошууны хүннүгийн соёл”, “Тамирын голын хүннүгийн эрдэнэс-2” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ. Тэгвэл 99 жилийн түүхтэй, Британийн Дурхамын болон Кембрижийн их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг сэтгүүл энэ төслийн үр дүнг онцолж, олон улсад танилцууллаа.
Н.ДҮҮЛ