Нийслэлийн иргэдийн өвлийн идэшний хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагынхан хамтран зохион байгуулах юм.
Энэ үеэр 21 аймгийн малчин, хоршоологч оролцож, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг хэрэглэгчдэд нийлүүлнэ. Ингэснээр дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэх аж. Арга хэмжээний гол зорилго нь нийслэлийн иргэдийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ малчид, хоршоологчдын бүтээгдэхүүнийг зах зээлд шууд хүргэх нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байна.
Э.Сүйлэн