Хоёр долоо хоног үргэлжилсэн “сэтгэлийн зовиур”- аасаа хоёр хүн саллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцролгүй суудалдаа үлдэж, гишүүн С.Баярцогт улс төрийн хариуцлага хүлээн, УИХ-ын дэд даргын албаа өгөв. Түүнийг энэ албаа өгөхөөр хүсэлт гаргасан цагаас, эсвэл хариуцлага хүлээх ёстой гэсэн дуулиан сонсогдсон өдрөөс УИХ-ын дэд даргын төлөөх өрсөлдөөн АН-д эхэлсэн.
Эмэгтэй гишүүдийн бүлгээс Р.Бурмаагаа, намдаа хүчтэй учраас “Алтангадас” фракцаас Г.Батхүүг санал болгосон мэдээлэл зэрэгцэн дуулдаж байна. МАН-ынхны зүгээс Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой шинэ үндэслэлийг өнгөрсөн долоо хоногт гаргав. Өмнө нь дэвшүүлсэн зургаан асуудал бараг мартагдах нь тэр. Бондын хөрөнгөөр алт авсан уу гэсэн хардлагаа баталж чадаагүй ч Ерөнхий сайдын дүүгийн охин Г.Уянгын “Говь Повер” хэмээх компани нэг л сэжигтэйгээр Тавантолгойгоос 17 тэрбум төгрөг “халааслах” тендерт ялсныг нотолж чаджээ. Асуудал сөхөгдмөгц Ерөнхий сайд хамаатныхаа охин Г.Уянгын нэрийг Ч.Уянга болгон өөрчилж, өнөөх тендерийг нь цуцлав. Эргэж буцсан энэ алхам нь үнэндээ хошин шог шиг л байлаа. Цаагуураа гол нь иргэддээ буруу үлгэр үзүүлж байгаа юм. Түүнийг огцруулахыг хүсэж байгаа учраас МАН-ынхан ч жигтэйхэн идэвхтэй ажиллаж, УБЕГ-аас гаргаж өгсөн Ч.Уянгын гэрийн хаягаар очиж шалгажээ. Гэтэл хоосон хашаа угтаж гэнэ. Сөрөг хүчнийхэн энэ явдлыг нь “Таныг мэдээгүй байхад хүргэний чинь эхнэр солигдчихсон байна” хэмээн явуулна лээ.
Ерөнхий сайд эцсийн бүлэгт хамаг зовлонгоо дэлгэв. “Төрийн албыг төрлийн алба болголоо гэлээ. Г.Дэнзэнг бүр 2006 онд аппаратдаа татаж ажиллуулсан. Хүргэнээ ажилд авсан юм биш. Өнгөрсөн жилээс дүүгийн минь охинтой үерхдэг болсон юм билээ. Залуу хүмүүс хэнтэйгээ үерхэж, ханилахыг би мэдэхгүй шүү дээ. Би олон ах, дүүтэй. Тэр бүхний асуудлыг надад нааж болохгүй” гэсэн юм. Нээрээ л сөрөг хүчнийхэн эхнэр, нөх рийн хооронд Ерөнхий сайдыг илжиг болгон жороолуулж, арай дэндүүлсэн байна, хөөрхийг. Ах, дүү нар нь хууль бус зүйл хийсэн бол хуулийн байгууллага шалгана биз. Угаас энэ асуудлыг АТГ-т өгчихсөн. Энэ бүхний эцэст олонхийн саналаар олон улсын хурлыг Монгол Улс Ерөнхий сайдтайгаа угтах болов. Ийнхүү Монгол Улс “ардчиллаа гайхуулж” байх зуур Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд хотын удирдлагууд бэлтгээд завгүй өнжив.
Дэлхийн 104 орноос 1200 гаруй төлөөлөгч ирж байгаа, тэдний дотор төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд ч бий. Дээрх нийгэмлэгийг тэргүүлж буй улсын хувьд манайх эх орондоо анх удаа ийм том хэмжээний арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа тул нэрээ бодох нь зүй. Зочдын нүдэнд муухай харагдаж, улсын нэр хүндийг доош нь татаж болзошгүй гээд Төрийн ордны баруун талын хуучин балгасыг цэнхэр “тууз”-аар ороож гоёв. Хог шороогоо шүүрдэж, Сүхбаатарын талбайг түүхэндээ хоёр дахь удаагаа угаалаа. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-ний явдлын дараа цусан толбыг ТҮК-ийн ажилтнууд угаан арилгаж байсан юм.
Улсын нэр хүндийг доош татаж мэднэ гээд гудамжны иргэдийг цэгцэлж, оюутнуудыг дотуур байрнаасаа гарч сэлгүүцэхгүй байхыг сануулав. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зочид төв талбайгаар аюулгүй зорчих учиртай. Үүнтэй нь зэрэгцээд хэзээний шооч цахим сүлжээнийхэн “Царай муутай хүмүүс энэ сарын 26-29-нд хотын төвөөр явахгүй байж, гэртээ бүгэн, улсын нэр хүндийг бодно уу” гэсэн зар гаргасан байх юм. Юутай ч хот, тэр тусмаа төвийн хэсэг өнгөө засав. Хот дандаа ийм үзэмжтэй, цэвэр байхын тулд олон улсын хурал өдөр бүр болоосой гэж ч зарим иргэн хүсэмжилж байгаа гэнэ. Гэхдээ энэ бүхнийг хотын дарга “Ойрдоо дулаарч байгаа болохоор бүтээн байгуулалтын ажил энэ хуралтай давхацчихлаа. Цаашид ч үргэлжилнэ шүү дээ” хэмээн даруухан тайлбарлана лээ.
Улсын нэр хүндийг бодож, элдэв онцгүй, буруу алхам хийхгүй байхыг Гадаад харилцааны сайдаас эхлээд иргэдээсээ гуйв. Бүх л зүйл улсын нэрийн өмнөөс өрнөлөө. Юутай ч хот олон улсын хуралд бэлэн. Шинэ халаадаа өмсчихсөн, ширээний бүтээлгээ сольчихсон, Ерөнхий сайдаа суудалд нь үлдээчихсэн. Бүх юм цэгцрээд явчихлаа биш үү.