Сүүлийн жилүүдэд манай оронд барилгын салбар эрчимтэй хөгжиж орон сууц, албан газрын зориулалттай барилга олноор нь барьж байгаа билээ. Гэвч агаарын бохирдол, эрчим хүч, усны хомсдол зэргээс шалтгаалан байгаль орчинд ээлтэй барилга барих, ногоон технологи нэвтрүүлэх шаардлагатай болсон.
Дээрх асуудлыг шийдвэрлэх, олон нийтэд таниулан, сурталчлахаар Европын холбоо, БОНХАЖЯ болон “Каритас Чех репаблик” олон улсын байгууллага, Барилгын зөвлөгөө, мэдээллийн төв хамтран “Ногоон барилга 2015” үзэсгэлэн, яармагийг анх удаа өнгөрсөн баасан, бямба гаригт зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, төрөл бүрийн эко цахилгаан халаагуур, бичил цэвэрлэх байгууламж, утаа бууруулах тоног төхөөрөмж, эко жорлон зэргийг танилцуулав. Тэдгээрээс барилгын хонины ноосон дулаалга, үнсэн блок болон Монголд анх удаа барих ногоон албан газрын барилга буюу Тогтвортой хөгжлийн ордны зураг төслийг хүмүүс сонирхож байв.
“Бюлдингс техноложи” ХХК-ийн менежер Б.Түмэннаст “Тогтвортой хөгжлийн ордны зураг төслийг Швейцарь улсын “Swissmade” компанитай хамтран боловсруулж дууссан. 16 давхар, 51 метр өндөр тус барилгыг Сүхбаатар дүүргийн IX хороонд хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад өгнө. Барилгын цонх, суурь, дээвэр дээр суурилуулах нарны эрчим хүч хураагуур болон салхин сэнсээр цахилгаан үйлдвэрлэснээр хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг хангаж чадна.
Ингэснээр ердийн барилгаас 25 хувиар бага эрчим хүч хэрэглэх тооцоо гарсан. Түүнчлэн барилгад саарал усны систем төлөвлөсөн. Гадна талбай, дээвэрт тогтсон борооны болон нүүр, гараа угаасан усыг хуримтлуулж, цэвэршүүлээд бие засах газар луу дамжуулна. Мөн зүлэгжүүлсэн талбай услахад ашиглах боломжтой” гэв.
“Олон улсын байгууллагын судалгаанд барилгын салбар нь эрчим хүчний 30 хувийг хэрэглэж, хог хаягдлын 20 хувийг ялгаруулдаг гэсэн байдаг. Манай улс ч бусад орны жишгээр ногоон барилгын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн жил “Ногоон хөгжлийн бодлого”-ыг батлуулсан” гэж БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Төмөрбаатар хэллээ.
“Ногоон боловсрол, ногоон барилга, ногоон хөгжил” гэсэн цогц зорилгыг хэрэгжүүлэхээр БОНХАЖЯ-ныхан ногоон сургуулийн барилгын зураг төслийг НҮБ болон “Каритас Чех репаблик” олон улсын байгууллагатай хамтран хийж буй. Тус сургуулийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд барихаар газраа шийдүүлсэн ба 2017 онд барьж эхлэх аж.
Э.НАМУУН