Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Монголын улс төр дэх гуравдагч хүчний орон зайг нөхөхөөр гарч ирсэн ХҮН намын төлөөлөл болж, УИХ-ын гишүүнээр сууж буй нэгэн бол Пүрэвжавын Ганзориг. 2021 онд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга болж, жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэнээр 2024 оны сонгуулийн үр дүнд хууль тогтоох дээд байгууллагад заларсан юм. 2020-2024 онд нийслэлийн ИТХын төлөөлөгч байхдаа “Ногоон автобус”-ны гэх хэрэгт сөрөг хүчний дуу хоолойг гаргахад намынхаа хоёр нөхөр болох П.Наранбаяр, Д.Гантулга нарын хамтаар идэвхтэй ажилласан юм даг. Тэрбээр Хөвсгөл аймгийн уугуул, 2001 онд нутагтаа ерөнхий боловсролын сургууль төгсжээ. Улмаар МУИС-ийн Математик, компьютерын сургуульд элсэн суралцаж, 2005 онд математикч болсон байна. Ажлын гараагаа 2005 онд “Номин холдинг”-ийн харьяа “Номин даатгал” ХХК-д актуарчаар эхэлж, гурван жилийн дотор гүйцэтгэх захирал болтлоо дэвшжээ. 2008-2011 онд тус даатгалын компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монголын даатгалын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг гурван жилийн хугацаанд хашсан нь математик, статистикийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэж ойлгож болох нь.
П.Ганзориг 2016 оноос “Их эрэн холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн даргаар нь ажиллажээ. Үүнийхээ өмнө ХҮН намд элсэн, 2015 онд Удирдах зөвлөлийн гишүүн нь болсон байв. Улмаар намынхаа Хариуцлагын ерөнхий хорооны даргын сонгуульт ажлыг 2020 он хүртэл хашжээ. 2020 оны сонгуулийн жил тэрбээр Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, намын бүлгийн даргаар сонгогдсоноос гадна нийслэлийн ИТХ-д ч намаа төлөөлснийг өмнө нь дурдсан. Хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-тээ дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй, гурван орон сууц, нэг хаус, мөн тооны авто зогсоолтой, хурдан удмын 50, нийт 205 адуу, 42 үхэр, 53 хоньтой хэмээж. Мөн “Их эрин холдинг” болон “Тесла сейлс Монголиа” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэгээ ч дурдсан байв. Анх 2020 онд ХАСХОМ гаргахдаа 30 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй хэмээж байсан бол 2024 оныхдоо 76 сая болж өссөнийг ч тусгажээ.
Өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан Засгийн газарт Боловсролын сайдаар түүнийг томилуулах санал Ерөнхий сайд Г.Занданшатар гаргасан ч П.Ганзориг нэрээ татаж буйгаа зарлан “Манай намаас хамтарсан Засгийн газарт ажиллах боловсролтой, чадвартай олон залуу бий. Би энэ удаа залуусаа дэмжинэ. Манай намаас Шадар сайдаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарыг ажиллахыг дэмжиж байгаа. ХҮН нам нэр төртэйгөөр хариуцсан салбараа авч явах болно” гэж мэдэгдэж байв.
П.Ганзоригийн хувьд намын дарга Т.Доржхандтайгаа халаас нэгтэй хэмээн зарим цахим хуудсанд бичсэн нь бий. Тодруулбал, Т.Доржхандын эхнэр У.Сийлэнтэй барилгын “Их эрин констракшн” ХХК-ийг удирдаж байсан нь нээлттэй мэдээллийн хуудаснуудад байдаг. Тэгвэл “ergelt.mn”-д “УИХ-ын гишүүн П.Ганзориг, түүний төрсөн ах П.Гантогоо болон УИХ-ын гишүүн Т.Доржханд, түүний эхнэр У.Сийлэн нар “Монре даатгал” ХХК, барилгын “Их эрин констракшн” ХХК, автомашин, сэлбэг хэрэгслийн худалдааны “Автохаб” ХХК, зээлийн “Зээл эм эн платформ” ББСБ, хувьцааны “Стандарт инвестмент ҮЦК” ХХК гэх таван компанийг хамтран байгуулж, эзэмшиж ирсэн. Мөн УИХ-ын гишүүн П.Ганзориг, УИХын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой 2017 онд “Гэрэгэ менежмент” ХХК-ийг хамтран байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН намын генсек, УИХ-ын гишүүн П.Ганзориг хоёрын гэр бүл, ах, дүү нар зургаан компаниар халаасаа нэгтгэсэн гэсэн үг” хэмээн бичсэн нь бий. “Их эрин констракшн”-аараа дамжуулан Боловсролын яамнаас зарласан тендерүүдийн нэлээд хэдэд нь шалгарсан талаар ч дурдсан байв.