Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
126 гишүүнтэй анхны парламентад хууль тогтоолцохоор зүүн бүсийн зургаадугаар тойргоос 1990 оны залуу сонгогдсон нь Хэнтий нутгийн уугуул Мөнгөнцогийн Ганхүлэг. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалтай нас чацуу тэрбээр УИХ-ын эрэгтэй гишүүд дундаа хамгийн залуу нь гэхэд хэтийдсэн болохгүй биз. Эгэл жирийн ажилчин аав, цэцэрлэгийн багш ээжийн хүү М.Ганхүлэг Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн сурагч ахуйгаасаа л нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан гэдгийг нутгийнх нь таньж мэдэх үе тэнгийн залуус хэлэх юм билээ. Магадгүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Хэнтийд “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын салбарт ажиллаж байхад М.Ганхүлэг хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой болж яваад танилцсан биз. Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд сурч байхдаа ч нийгмийн идэвхтэй нэгэн байж. Үүнийгээ тэрбээр нэгэн ярилцлагадаа “Та эхэлж өөрчлөгдөхгүй бол таны эргэн тойронд юу ч өөрчлөгдөхгүй” гэдэг. Түүнтэй адилхан өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье гэсэн сэтгэл зүйтэй байлаа. Энэ ч утгаараа нийгмийн идэвхтэй дуу хоолой болж ажилласаар ирсэн” хэмээн тодорхойлсон байв. Тэрбээр 19 настайдаа МАН-ыг сонгож гишүүнээр нь элссэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй улс төрийн сонгуульд хамгийн идэвхгүй ханддаг залуусыг сонголтоо зөв хийхийг уриалсан “90 хөдөлгөөн” гэгчийг МАН-ын дэргэд 10 гаруй жилийн өмнө байгуулан тухайн үед анхны сонгуулиа өгч буй сонгогч нарын дуу хоолой болж байжээ.
М.Ганхүлэг ХААИС-ийг төгсөөд 2013-2015 онд “Шинэ дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежерээр ажил¬лажээ. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард хувь хүний хөгжлийн сургалт, гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ашдын түүчээ” ХХК-иа байгуулж, дэд сайд болтлоо удирдсан аж. 2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны бүс хариуцсан нарийн бичгийн дарга, тус Улс төрийн бодлогын газрын дарга зэрэг албан тушаалыг хоёр жилийн хугацаанд хашсан нэгэн юм байна. 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, дээрх намын дэргэдэх Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын албыг хоёр жил хашсан юм. Тэрбээр эдгээр он жилүүдэд Засгийн газрын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр болох “Алсын хараа 2050”-ийг боловсруулахад оролцож, оюутан залуустай холбоотой ирээдүйн төлөвлөлтийн бичиг баримтад голлон анхаарч ажилласан гэдэг.
2024 оны ээлжит сонгуулиар зүүн бүсийн гурван аймгийн нийт сонгогчийн 43 хувийн саналыг авч, хууль тогтоолцохоор суух болсон тэрбээр оюутан, залуусын дуу хоолойг төрийн эрх барих дээд байгууллагад хүргэх зорилготой УИХ-ын Соёл, спорт, залуучуудын дэд хороог удирдан ажиллаж буй юм.