Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханыг аавынх нь нэрээр бус, уугуул нутаг, үүсгэсэн аж ахуйн нэгжээр нь монголчууд илүү мэднэ. Өөрөөр хэлбэл, “Дорнын говь”-ийн Дэлгэрсайхан хэмээн УИХ-д сонгогдохоосоо өмнө нэрийдэж явсан үе түүнд бий. 1964 онд Дорноговь аймгийн Сайншанд сумд төрсөн, нутагтаа ерөнхий боловсролын сургууль дүүргээд, аймгийн төвөөсөө 100-гаад км-ийн зайд орших Улаан-Уулын отрядад цэргийн алба хаан, тухайн үеийн НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд 1983 онд элссэн нэгэн. 1987 онд хуульч мэргэжил эзэмшин, аймгийнхаа Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, хоёр жилийн дараа Дорнод аймгийн Цагдаагийн газар луу шилжин томилогдож, тэндээ Мөрдөн байцаах тасгийн дарга болтлоо дэвшжээ. Зах зээлийн нийгэмд шилжихэд цагдаагийн байгууллагаас олон хүн ажлаасаа гарч ганзагын наймаа хийж эхэлсний төлөөлөл нь Б.Дэлгэрсайхан биз.
1992 онд ажлаасаа гарч, 1993 онд “Дорнын говь” ХХК-иа байгуулан 2016 он хүртэл удирдсан байна. Энэ хугацаанд тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн түшиц газар болох Сэлэнгэ, Дарханы төмрийн хүдрийн орд газрын нэг хэсгийн лицензийг эзэмшиж, “Болдтөмөр Ерөө гол” хэмээх өөр нэгэн компани байгуулсан гэдэг. Уг төмрийн хүдрээ БНХАУ руу вагон вагоноор нь зөөж олсон хөрөнгөө оффшор бүсэд хадгалж байсан нь олон улсын сэтгүүлчид “Панамын баримт”-ыг дэлгэхэд ил болж дуулиан дагуулсан.
Түүнийг оффшор бүсэд хадгалсан олон сая ам.доллартой нь холбоотойгоор хууль сахиулагчид шалгаж л байв. Гэвч ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй, оффшор дахь мөнгөө Монголдоо оруулж ирсэн, эсэх нь ч тодорхойгүй дарагдсан билээ. Түүнчлэн Б.Дэлгэрсайханыг энэ дуулианаас ч өмнө, УИХ-ын гишүүн болоогүй байхад буюу 2013 онд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ч саатуулж байсныг өнөөдөр хэн ч сөхдөггүй. Чухам ямар хэрэгт холбогдуулсан нь одоо болтол тодорхойгүй, бас л сураг алдарсан юм даг.
2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон тэрбээр 2023 онд “Ногоон автобус”-ны гэх дуулианы дараа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар томилогдож байв. Энэ үедээ Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээр зочлон өнөөдөр нийслэлчүүдийн хөл дүүжлэх унаа болсон шинэ автобуснуудыг оруулж ирэх ажлыгзохион байгуулсан. Үүнийхээ “шагнал”-д тэрбээр 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт Зам, тээврийн сайдын сэнтийд заларсан юм. Хувьдаа төмөр замтай, төмөр зам барьдаг аж ахуйн нэгжтэй Монголын анхны хүн болох Б.Дэлгэрсайханы ашиг сонирхлын зөрчлийг нь үл тоон Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ сайдаар томилсон билээ. Өөрөөр хэлбэл, Б.Дэлгэрсайхан нь “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” гэх төмөр зам барьдаг, төмөр замаар төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэдэг хоёр компанийн эзэн. Уурхай, баяжуулах үйлдвэр рүүгээ төмөр зам тавьсан уг компаниуд нь 2022 онд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км урт замыг концессын гэрээгээр барьж байв.
Б.Дэлгэрсайхан ХАСХОМ-тээ хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орлого, үл хөдлөх хөрөнгө, автомашинууд, хадгаламжтайгаас гадна авлагагүй, зээлгүй гэдгээ тусгасан байдаг. Харин БНХАУ-ын банкуудаас түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг барьцаалан, их хэмжээний зээл авсан асуудал бий. Тодруулбал, “Болдтөмөр Ерөө гол”, “Инфинитиспэйс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөлд шаардлагатай хөрөнгийг оруулж ирнэ хэмээн Монгол талын хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хуурч, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан 2011 онд БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас 200, 2012-2013 онд тус улсын Хөгжлийн банкнаас 175 сая, нийт 375 сая ам.долларын зээл авсан байдаг. Эл хоёр банктай байгуулсан гэрээнд тусгахдаа Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий аж ахуйн нэгжийн 2000 вагон, 12 зүтгүүр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалуулсан нь хууль бус болохыг шүүх тогтоосон юм. Дуулиан шуугиан дунд амьдардаг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ярьсан зүйлийг тодруулах гэсэн сэтгүүлчид “Хуцаад бай” хэмээн уурсаж, дараа нь түүнийгээ “Энэ үгийг сэтгүүлчид зориулж хэлээгүй” гэж мэлзсэн. Ийм намтар түүхтэй хүн говийн бүсийн иргэдийг төлөөлөн хууль тогтоох, гүйцэтгэх засагт бодлого тодорхойлж байна.