Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын АДАПТ төслийн багтай хамтран зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр “Зудын гамшгийн нөхцөлд малын хорогдлыг сумын түвшинд таамаглах арга зүй, аргачлал”, “Уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөгөөр үүсэх эмзэг малчин өрх, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааны арга зүй, аргачлал”-ыг судлаачдын багийн зүгээс танилцуулж, санал, зөвлөмж боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, мэргэжилтнүүд өмнө нь дээрх аргачлалыг боловсруулж, туршсан бөгөөд илүү сайжруулахаар ажиллаж буй аж. Тухайлбал, 2023 оны зудын үед малын хорогдлыг хоёр аргаар тооцсон бөгөөд тоо толгой нь 21-23 хувь цөөрөх таамаглал дэвшүүлжээ. Үүний дагуу улсын хэмжээнд шуурхай штаб ажиллаж, шаардлагатай арга хэмжээ авснаар малын хорогдол 12 хувьтай гарчээ.
Манай улсад 1999-2002 онд тохиолдсон ган, зуд нийт нутаг дэвсгэрийн 90, 2009-2010 оных 80 орчим хувийг тус тус эзэлж байв. Мөн 2023-2024 оны зудын гамшиг нийт газар нутгийн 90 гаруй хувийг хамарчээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зун нь ган, өвөл нь зуд тохиолдох нөхцөл, давтамж нэмэгдэж буйг хуралд оролцогчид онцолсон. Түүнчлэн зудын эрсдэлийг үнэлгээг ирэх арванэгдүгээр сарын дундуур танилцуулах аж.
Ч.Туяа