Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Нэр нөлөө бүхий хүмүүсээр “крандуулж” өндөр албан тушаал, эрх мэдэлд заларснаасаа болж хэн нэгний “халаасны хүн” хэмээн ил тод цоллуулдаг улс төрч манайд цөөнгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Тулга.
Улс төрийн хүрээнийхэн түүнийг “Н.Энхбаярын хүн” хэмээн ил цагаан ярьдаг бөгөөд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар 2023 онд томилогдоход нь “экс” Ерөнхийлөгчийн дэмжлэг, нөлөө байсан гэлцдэг. Ямар сайндаа л “МАН, МАХН нэгдсэнээс хоёр жилийн дараа Н.Энхбаярт “өр”-өө төлж, туслахыг нь сайд болголоо” гэсэн яриа тухайн үед олон нийтийн дунд тархаж байсан юм.
МУИС-ийн Математик, компьютерын сургуулийг хэрэглээний математикчаар төгсөж, АНУ-ын Колумбын болон Фордамын их сургуульд улс төр судлалаар ахисан түвшинд суралцсан тэрбээр 2003 оноос МАХН-д мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ. Дараа жил нь УИХ-ын дарга Н.Энхбаярын шадар туслах болсноор хожим түүнтэй ойр бүх албан тушаалд “ногоон гэрэл”-ээр очих замаа зассан байна. Үндсэндээ тэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан намд нарийн бичгийн дарга хүртэлх албан тушаал хашиж, түүний үнэнч, шадар туслахаар 20 орчим жил зүтгэжээ.
Б.Тулга нь Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн”, Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газрын үед Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан туршлагатай. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын бүтцэд шинээр бий болгосон “Боомтын сайд”-ын албан тушаалд түүнийг томилсон нь кабинетад гишүүнээр багтсан анхны тохиолдол нь байв. Мөн гүйцэтгэх засаглалд түүний карьерын хамгийн өндөр албан тушаал нь энэ болсон юм. Даанч түүнийг өөрийн хүчээр бус, Н.Энхбаярын талаас гаргасан улс төрийн тохирооны квотоор уг албан тушаалд томилогдсон гэлцдэг.
Түүнчлэн цар тахлын дараах хүнд цаг үед Засгийн газрын бүтцийг шинэ орон тоогоор тэлж, үндэсний хороо байгуулах хэрэг байсан уу гэдэг шүүмжлэл ч энэ томилгоог дагасан. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, реформын шинжтэй өөрчлөлтүүд хийх гол хөзөр хэмээн шинэ бүтцээ эрслэн хамгаалж байсан ч инфляцыг хазаарлах, төсвийн үр ашиггүй зардлыг танах нэрээр хоёр жил ч бололгүй эл хороог бүрмөсөн татан буулгасан. Угтаа энэ шийдвэр нь Б.Тулга гэдэг сайд тухайн салбарт чухам юу хийж бүтээсэн бэ гэдэг томоос том асуултын тэмдэг үлдээсэн юм.
Тэрбээр Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллах хугацаандаа төрийн байгууллагын хэрэгцээнээс давсан тансаг зэрэглэлийн таван автомашиныг төсвийн хөрөнгөөр худалдан авсан нь аудитын шалгалтаар илэрч, нэг хэсэг хэвлэлийн хуудаснаас салаагүй. Үүгээр зогсохгүй улсын хилийн зурваст газар ашиглуулахтай холбоотой түүний гаргасан хэд хэдэн тогтоолыг нь Засгийн газар хууль бус гэж үзэн хүчингүй болгосон юм. Ингээд харвал тэрбээр өөрт нь зориулж “зурсан” шинэ албан тушаалаас шүүмжлэл, балаг дүүрэн буужээ.
Улс төрийн фракц, бүлэглэл хоорондын тохироо, бэлэглэлийн шугамаар үүссэн энэхүү албан тушаал нь Б.Тулгын хувьд ажил хийх талбар биш, 2024 оны УИХ-ын сонгуулийн “бие халаалт”, өөрийгөө таниулах гүүр болсон гэж зарим ажиглагч үздэг. Ямартай ч тэрбээр холимог тогтолцоогоор анх удаа бүсчлэн явуулсан сонгуульд тавдугаар (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв) тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдож, Монголын түүхэн дэх анхны 126 гишүүнтэй парламентад багтсан юм. Өнөөдөр тэр хууль тогтоох дээд байгууллагад ажиллаад хоёр жил гаруй болсон ч “Н.Энхбаярын хүн” гэх хуучин “шошго”- ноосоо салж чадаагүй, хууль тогтоогчийнхоо хувиар ч тодорч товойсон зүйлгүй, нам гүмхэн аж төрж байна.