Японы Номхон далайн эргийн төв хэсгээр “Дужюань” хар салхи есдүгээр сарын 20-нд дайран өнгөрсний улмаас Токио хоттой хил залгаа Чиба, Канагава мужийн 17 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ. “Токио электрик пауэр” компанийн мэдээлснээр цахилгаан хангамжийг өнөөдөртөө багтаан бүрэн сэргээхээр ажиллаж байна.
Байгалийн гамшгийн улмаас дээрх мужуудад хүчтэй аадар бороо орж, үер буун, хөрсний гулгалт үүссэн аж. Үүнээс үүдэн орон сууц, авто зам, дэд бүтцэд их хэмжээний хохирол учруулжээ. Тухайлбал, гамшгийн үеэр нийт 10 хүн амиа алдаж, дөрвөн иргэн сураггүй алга болсны олонх нь хөрсний гулгалтад өртсөн гэнэ. Одоогоор цагдаа, гал сөнөөгчид болон Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм. Түүнчлэн орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр гамшигт нэрвэгдсэн бүс нутагт 600 орчим орон сууц эвдэрч сүйджээ.
Ташрамд дурдахад, Чиба муж нь Токио хотын зүүн хэсэгт, Номхон далайн эрэгт оршдог бөгөөд 6.2 сая орчим хүн амтай. Харин Канагава нь Токиогийн өмнөд хэсэгт байрладаг, есөн сая орчим хүн амтай бүс нутаг юм.
Э.Сондор