НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим улс орны төр, засгийн тэргүүнтэй уулзаж буй. Тэрбээр өчигдөр НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзаж, түүний дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн НҮБ-ын олон санаачилгад манай улс нэгдэж, энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулсан талаар мэдээлэл хүргэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсыг бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлсэн байна.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо. НҮБ-ын гишүүнээр элссэнээр Монголыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болж, гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шат эхэлсэн гэж үздэг. Мөн манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар батлуулсан юм.
Энэ өдөр Төрийн тэргүүн мөн Люксембургийн Их гүнтэй уулзсан байна. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, эрүүл мэнд, банк, санхүү зэргээс гадна бусад салбарт харилцан ашигтай хамтрах боломжийн талаар ярилцав. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Манай хоёр улс эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Люксембургийн 22 сая гаруй еврогийн буцалтгүй тусламжаар барих Зүрх, судасны төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд буй юм.