Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэдэх Гадаад аяллын салбар холбоо, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 27, 28-нд нийслэлийн төв талбайд аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Эл үзэсгэлэнд outbound чиглэлийн буюу гадаад аяллын компаниуд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, 2026 оны тренд маршрутуудаа танилцуулахаараа онцлог гэнэ. Албан ёсны бүртгэл, тусгай зөвшөөрөлгүй хувь хүн, хуурамч нэр, зохиомол түүхтэй компаниуд гадаад улсуудад иргэдийг аялуулна хэмээн урьдчилсан төлбөр авч, хохироох явдал сүүлийн жилүүдэд ихэссэн. Тийм учраас энэхүү үзэсгэлэнг “Эрсдэлгүй аялал, эзэнтэй үйлчилгээ” уриан дор зохион байгуулж, жуулчлал эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, олон жилийн туршлагатай компаниудыг хамруулж буйгаа Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон хэлэв. Иргэд тус үзэсгэлэнг зорьсноор сүүлийн үед тренд болж буй аяллын чиглэл, хөтөлбөр, үйлчилгээний талаар нэгдсэн мэдээлэл авч, захиалгаа хөнгөлөлттэй нөхцөлөөр баталгаажуулан, мэргэжлийн хүмүүсээс заавар, зөвлөмж авах боломжтой гэнэ.
Н.Мишээл