НҮБ-ын санаачилгаар 1980 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 27-нд тэмдэглэж ирсэн Дэлхийн аялал жуулчлалын өдөр нөгөөдөр буюу ням гарагт тохионо. 46 дахь удаагийн тэмдэглэлт өдрийн арга хэмжээг өнөө жил “Аялал жуулчлалыг шинэчлэн тодорхойлох цахим хөтөлбөр ба хиймэл оюун” уриан дор зохион байгуулахаар болсныг НҮБын Аялал жуулчлалын байгууллагаас зарлалаа.
“Аялал жуулчлалын салбарын хөгжилд хиймэл оюуны гүйцэтгэх үүргийг энэ жил анх удаа дэлхийн хэмжээнд хэлэлцэх гэж байна. Цахим технологийн дэвшлийг ашиглан дата өгөгдөлд суурилсан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүх улс орны өмнө нээлттэй болсон. Харин үүнийг бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, ээлтэй болгож, иргэдийнхээ дижитал ур чадварыг сайжруулахад анхаарах нь улс орнуудын төр засгийн нэн түрүүнд хийх ажил” хэмээн дээрх байгууллагын судлаачид дурджээ.
Технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр аялал жуулчлалд олон дэвшил гарч буй ч энэ салбарын бүх үйлчилгээ хүний сэтгэл хөдлөл, соёлын солилцоон дээр тогтдог тул хиймэл оюун болон амьд харилцааны тэнцвэрийг хадгалахад анхаарахыг НҮБаас уриалж байна. 2026 оны Дэлхийн аялал жуулчлалын өдрийн гол арга хэмжээг зохион байгуулагч, түнш улс нь Эль Сальвадор аж. Тус улс “Surf city” төслөө дэлхий нийтэд танилцуулж, цахим шилжилт, хиймэл оюуныг аялал жуулчлалд хэрхэн нэвтрүүлж буй туршлагаасаа хуваалцах нь.
Ж.Сувд