АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр төсвийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Ирэх оны төсөвт орлого, зарлагыг тус бүр 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж тусгасан. Оюутолгой болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас ирэх онд 3.5 их наяд төгрөг орж ирнэ гэж тооцсон юм. Тэгвэл сөрөг хүчнийхэн Оюутолгойгоос олох ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэдийн нэрийн дансанд хуримтлуулах ёстой атал Засгийн газар нэг удаагийн хууль баталж, дур мэдэн зарцуулах гэж буй нь хууль бус хэмээн буруутгав. Тиймээс иргэдээс санал асуух ёстой гэлээ.
АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв “Ерөнхий сайд иргэдтэй уулзахдаа ард түмэнд мөнгө өгөх гэтэл АН харамлаад буй мэт ойлгуулж байна. Хуримтлалын санд төвлөрч, иргэн бүрд 835 мянган төгрөг ногдох учиртай ногдол ашгийн мөнгийг өмнө нь авлигачдын салаагаар төсөв нь урссан төслүүдэд зарцуулах гэж буй нь буруу. Засгийн газар төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг оруулж ирэхдээ цалин, тэтгэвэр нэмэх гэдэг гоё халхавч хийж, цаана нь өөрсдийнхөө зардлыг өсгөсөн. Төсвийн тодотголоор цалин, тэтгэврийн нэмэгдэлд 200 тэрбумыг зарцуулаад зардлаа хоёр их наядаар нэмсэн. Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэрт хоёр, өөрсдийнхөө зардлыг 10 их наядаар нэмж оруулж ирлээ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсөв ашигтай байх, урсгал зардал ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй, төсвийг зөвхөн Төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу батална гэсэн заалтуудыг авч хаях гэж байна. Энэ бүхнээ зас гэж бид шаардаж, ард түмний мөнгийг авлигачдаас хамгаалж, хянаж буй юм” гэлээ. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль, цэцэрлэгүүдэд төсвөөс 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгснийг шилэн данснаас харж болно гэв. Тэрбээр “Сангийн яамныхны манай бүлэгт хийсэн мэдээллээс үзвэл төсвийн тодотголд тусгасан, хувийн сургуулиудад олгоно гэсэн мөнгийг хэдийн санхүүжүүлээд эхэлчихсэн, одоо зөвхөн баталгаажуулах гэж байна гэж хардсан” гээд уг асуудалд Ерөнхий сайд хууль зүйн үүднээс үндэслэлтэй тайлбар одоо болтол өгөөгүй байгааг сануулав.
С.Уул