МАН хэмээх намыг эрх баригчаар улираан сонгосноос хойш төрийн ажил, түмний эрх ашиг үргэлж хамгийн ард эрэмбэлэгдэж байна. Энэ намын “эрх жаалууд” бие биедээ туньсан хувь хүний гомдлоороо төрийн ажлыг гацаасаар хэд хонов. Төсвийн тодотголыг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд өргөн барьж, ээлжит бус чуулганаар эхний хоёр хэлэлцүүлгийг хийсэн. Намрын чуулганаар гурав дахь хэлэлцүүлгээ явуулах гэтэл МАН доторх “30-ийн бүлэг”-ийнхэн ирцээр бойкотолсон билээ. Төсвийн тодотгол, ирэх оны төсөв, түүнийг дагалдуулан өргөн барьсан олон хуулийн төслийн алдаа, оноог шүүж, тооцоо бодох, сайжруулах, засах түмэн ажил бий. Гэтэл үндсэн ажлаа хийхийн оронд тулга тойрсон хов живээр л “хооллодог” хэдэн улс төрчтэй болов. Тэд лхагва гарагт Ерөнхий сайдтай уулзаж, тохиролцсоны дараа чуулганы хуралдааныг “түр” үргэлжлүүлье гэжээ. Пүрэв, баасан гарагт чуулганы ирц бүрдсэн, хуралдсан. Гэхдээ Боловсролын сайдыг огцруулах шаардлагыг нь биелүүлэхгүй бол бойкотоо үргэлжлүүлэх бололтой. Тэгэхээр талуудын тохирсон зүйл нь дахин нэг сайдыг “шүд сугалах” болж байх шиг. Мөн парламентыг тараах, эсэхтэй ч холбогдож эхлэв.
Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗОЛИОСЛОХ УУ
Г ишүүн Д.Амарбаясгалан баасан гарагт мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайдтай уулзах үеэр Л.Энх-Амгалан сайдыг эмэгтэй гишүүдээс уучлал гуйх нь зөв гэсэн байр суурьд нэгдсэн. Хоёр өдөр хүлээлээ, тэрбээр уучлал гуйсангүй. Тиймээс огцруулах шаардлагыг албан ёсоор тавина. Сайд хууль зөрчсөн, эл буруугаа төрийн бусад албан хаагчид тохоод өнгөрнө гэж байхгүй. Өөрөө улс төрийн хариуцлага хүлээ. Түүнийг огцруулах шаардлага тавьж, Ерөнхий сайдтай дахин уулзана. Мөн даваа гаргаас эхлэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Өргөдлийн байнгын хороогоор уг асуудлыг авч хэлэлцэх боломжоор хангахыг УИХ-ын даргаас шаардсан” гэсэн юм. Ерөнхий сайдын ээжийн сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсвийн тодотголд тусгасан нь явж явж Боловсролын сайдын сайн дурын үйлдэл гэж дээрх бүлгийнхэн тайлбарласан. Тиймээс түүнийг огцруулах асуудлыг байнгын хороодоор хэлэлцэх нөхцөл бүрдүүлэхгүй бол ахин ирцээр бойкотлох нь гэж эндээс ойлгогдож байна. Хувь улс төрчдийн асуудлыг хуулийн зөрчил болгон томруулж, үүгээрээ төрийн ажлыг хүссэн үедээ гацаан, бас Ерөнхий сайдыг “удирдаж” буйгаас харвал тэдний нөлөө хүчтэй аж. Танхимаа бүрэн авч үлдэхийн тулд Засгийн газрын тэргүүн сайд нараа нэг нэгээр нь сугалуулсаар, эцэстээ Засгийн газарт нь “30-ийн бүлэг” олонх болчих юм биш биз гэсэн болгоомжлол ч төрж байна. Анхнаасаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна гэж шаардахын оронд нэг нэгээр нь “хорлох” ажиллагаа өрнүүлээд буйн ард ийм санаархал байхыг үгүйсгэх аргагүй.
Тэгвэл Л.Энх-Амгалан сайд ч бас дуугүй суусангүй, хариу тайлбар хийв. Тэрбээр “Д.Амарбаясгалан миний нэр төрд халдлаа. Би уучлалт гуйхгүй. Хэнийг ч гүтгэн, доромжилж, худал хэлж, хулгай хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Одоо бол бид бие биедээ гомдож суух цаг биш. Ард түмнийхээ эрх ашгаас илүү улс төр гэж байхгүй. Хариуцлага шаардаж байгаа юм бол ажлаа тасалж, УИХ-ын гишүүний тангаргаасаа няцан, улс төрийн зорилготой бойкот хийж буйгаа зогсоо. Та нар харин ажил тасалсан учир ард түмнээсээ уучлал гуй. Д.Амарбаясгалан гишүүн намайг “Гэрт ойрхон сургууль” төслөөс 50 тэрбум төгрөг хулгайлах гэж байсан мэтээр гүтгэлээ. Тэр өөрөө Бортээгийн нүүрсний ордын хулгайч. Үнэхээр л тийм хоншоортой юм бол гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаад шалгуулах хэрэгтэй” гэсэн юм. Мөн эл мөнгөөр төрөлжсөн ахлах сургууль байгуулах, нэгдүгээр ангийн сурагчдын ширээ, сандал шинэчлэх зэргээр дөрвөн том хөтөлбөр хэрэгжүүлэхээр тодотголд тусгасан хэмээн тайлбарласан.
ЯМАР ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ ТОДОРХОЙГҮЙ, ГЭХДЭЭ Л БУРУУТАЙ
Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээн заасан байдаг. 2019 онд Үндсэн хуульд оруулсан эл өөрчлөлтөөс хойш сайдаа томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх болсон юм. Тэгэхээр Засгийн газраас “шүд сугалах”ын тулд Н.Учралыг л шахна гэсэн үг. Албан тушаалаа ашиглан иргэний эрхэд халдаж, ял наймаалцсан байж болзошгүй С.Амарсайханыг сөрөг хүчний болон олон нийтийн шаардлагаар ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас тэрбээр чөлөөлсөн. Үүнд нь “30-ийн бүлэг” гомдож байсан ч эцэст нь Г.Тэмүүлэн бол өөрсдийнх нь бүлгийн хүн гэдгийг санажээ. Тиймээс өөр нэг сайдын албан тушаалыг суллаж, тэдэнд “оноох” тохиролцоо хийснээр түрдээ чуулгандаа сууж эхэлсэн байх нь. Тэр өөр нэг сайд нь Л.ЭнхАмгалан болж таарав. Л.Оюун-Эрдэнийн талынхан түүнийг эмэгтэй гишүүдийг гүтгэсэн, ёс зүйн алдаа гаргасан гэж тайлбарласан. Харин Д.Амарбаясгалан “Хууль зөрчсөн” гэлээ. Яг ямар хуулийг, яаж зөрчсөнийг нь тодорхой ярьсангүй. А.Ариунзаяа гишүүний гомдоллоод буйгаас үзвэл УИХ-ын гишүүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан гэж тайлбарлаж буй бололтой. “Юм ярихаар элдвээр хоч өгөөд байна. Одоо үг хэлж болох юм уу, үгүй юү” хэмээн тэрбээр асууна лээ. Тэгвэл Л.ЭнхАмгалан сайд ямар ч хууль зөрчөөгүй, зөрүүлээд хуулийн байгууллагад гомдлоо гаргасан гэжээ.
Үнэндээ УИХ-ын гишүүд чуулганы танхимд нэгнээ элдвээр хэлж л байдаг. Мөн УИХ-ын тухай хуулийн 41.2-т “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, санаачилсан хууль тогтоомжийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт бий. Гэтэл энэ удаагийн “түгжил” гэдэг тодорхойлолтыг ихэд онцолж, шалтаг болгоод буй нь анхаарал татна. Чуулганы танхимд биш, гадна талд нь хэлсэн болохоор нэр төрд халдсан болоод байгаа ч юм уу. Хувь улс төрчид уулзаад ярилцахад л болох хэдий ч “30-ийн бүлэг”-т үнэндээ өлгөж авах шалтаг хэрэгтэй байсан нь мэдээж. Тэгж байтал Боловсролын сайд өгөөшийг үмхсэн байх нь. Тэрбээр ажилдаа хариуцлагагүй хандсан уу, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг хийсэн үү гэхээр тийм тодорхой шүүмжлэл алга. Хов жив, гомдол тунирхал гэдэг шалтгаанаар төрийн сайдыг огцруулж байсан түүх үгүй. Харин одоо л тийм жишиг тогтоох гээд буй бололтой.
“30-ийн бүлэг”-ийнхэн Л.Энх-Амгалан сайдыг ийнхүү “ноцож” байх зуурт Ерөнхий сайд Японд айлчлахаар явж одов. Тэрбээр гурав хоног айлчилна. Тэгэхээр ирэх долоо хоногийн төгсгөлөөр Н.Учрал нам доторх цөөнхтэйгөө дахин уулзах нь. Улмаар танхимынхаа бас нэг сайдыг шахаанд өртөн чөлөөлөх, эсэх нь тодорхой болно.
УИХ-ЫГ ТАРААХ САНААЧИЛГА
МАН-ын 68 гишүүний талцлаас үүдэн Засгийн газар тогтвортой ажиллахад төвөгтэй байна. Гэтэл энэ маргаан нь УИХ-ыг тараах шалтгаан ч болж мэдэхээр нөхцөл үүсэж, бүр зарим гишүүн ийм санаачилга гаргаж эхэлжээ. АН-ын гишүүн Ө.Шижир “МАН-ын зарим гишүүн улсын төсвийг бойкотолж, улс орныхоо хувь заяагаар шантааж хийж байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахгүй нь. Албан тушаалын төлөө улс орноо хөмрөх нь. Эрх баригчдад энэ бүхэн огт хамааралгүй аж. Үүнд бухимдаж байна. Тиймээс шаардлагатай бол УИХ тарсан ч яах вэ, сонгуулиа дахин явуулъя. Иргэд зөв сонголтоо хийг” гэжээ. Мөн МАН-ын олонхын бүлгийн гишүүн Х.Ганхуяг энэ тухай өргөдлийг D-Parliament системээр авч эхэлнэ хэмээн мэдэгдэв.
МАН-ын бүлгийнхний талцал, хов жив, гомдол тунирхлаар түрээ барьсан ашиг сонирхол нь ийнхүү хоёр дахь удаагаа парламентын бүрэн эрхэд нөлөөлж буй нь энэ. Өмнө нь 2025 оны аравдугаар сард Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь МАН-ын даргын сонгуульд өрсөлдөн, талцсанаас болж парламент ажлаа хийх боломжгүйд хүрч байв. Улмаар спикер нь хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Одоо мөн л хэсэг улс төрчийн эрх ашиг, шуналаас үүдсэн асуудал хууль тогтоох байгууллагыг тараах хүртэл томорч байна. Үндсэн хуулийн 22.2-т заасны дагуу нийт гишүүний гуравны хоёр нь тарах хүсэлт гаргасан, мөн ийм шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон нөхцөлд парламентыг хугацаанаас өмнө тараах асуудлыг хэлэлцэх боломж бүрддэг. Ингэхдээ мөн л нийт гишүүний гуравны хоёрын саналаар шийднэ.
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж байсан түүх манайд үгүй ч ийм санаачилга гаргасан тохиолдол бий. Юутай ч эрх баригч намын дотоодод үүссэн зөрчил энэ хүртэл дахин нэг томорлоо. Засгийн газрын нэг сайдыг солиулаад “30-ийн бүлэг”-ийн шунал дуусах уу, эсвэл “шүд сугалах” ажиллагаагаа үргэлжлүүлэх үү. Үгүй бол олонхын талаас парламентыг, цаашлаад МАН-ыг тараах хүртэл асуудал хөндөж ч мэдэхээр болов. Шатахууны нийлүүлэлт хэвийн болсон гэсэн атал цөөхөн ШТС-ийн үүдэнд жолооч нар хэдэн км-ээр дугаарлаж, цаг заваа алдсан хэвээр байна. Мөн төсвийн тодотгол, ирэх оны төсөв, үнийн хөөрөгдөл гээд шийдэх асуудал олон байхад энэ талаар бодох завтай хүн МАН-д алга. Сайд болж тоглох их хүсэлдээ энэ намынхан сохорчээ.