Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- ийг Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв болгон статусыг нь өөрчилжээ. Засгийн газрын энэ оны Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах тухай 52 дугаар тогтоолыг үндэслэн бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн ийнхүү өөрчилсөн байна. Улмаар төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Гэрэлмааг томилжээ. Тэрбээр НЭМҮТ-д мэргэжилтнээс нь авхуулаад Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн албаны дарга хүртэл дэвшин, салбартаа олон жил тууштай ажилласан аж. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх аян, эрт илрүүлгийн кампанит ажилд гар бие оролцож иржээ. “Монгол Улсад CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах үйл явц НЭМҮТ-ийн үе үеийн удирдлага, эрдэмтэн, судлаачдын олон жилийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон юм. Цаашлаад нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргах чухал алхам” гэдгийг тэрбээр онцлов.
О.Оргилох