Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагынхан “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд “Эрүүл сургууль” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн ариун цэврийг сахиулах, үзлэгийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд шүдний иж бүрэн кабинет байгуулжээ.
Хотын төвөөс алслагдсан буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад байрлах тус сургуулийн үндсэн I, түрээсний II байранд шүдний булан, кабинет тохижуулж өгсөн байна. Эхний ээлжид бага ангийн сурагчдыг кабинетад шүдийг нь тогтмол угаалгаж, фторт уусмалаар амыг нь зайлж хэвшүүлэх гэнэ. Цаашлаад дүүргийн бусад сургуулийг ийм кабинеттай болгож, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх аж.
Манай улсын гурван хүүхэд тутмын хоёрынх нь шүд ямар нэгэн байдлаар өвчилсөн гэсэн судалгаа бий. Ялангуяа шүдний цоорлыг эмчлүүлэхгүй хугацаа алдвал 200 гаруй төрлийн өвчин үүсгэх эрсдэлтэй тул хүүхдүүдийг багаас нь ахуйн болон сургуулийн орчинд амны хөндийн эрүүл ахуйг сахиулах нь чухал гэдгийг албаныхан онцоллоо.
М.Гэгээ