Монгол Улсад хүүхдийн мэс заслын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологийг нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хуралд Япон Улс, БНСУ, АНУ, ОХУ, БНЭУ зэрэг орны эрдэмтэн, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл хэлэлцүүлсэн юм. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 70 жилийн түүх, өнөөгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи, эмнэл зүйн ховор тохиолдол болон эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцлээ. Мөн хүүхдийн мэс заслын салбарын цаашдын хөгжил, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар туршлага солилцсон юм.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгуудад өнгөрсөн онд 9505 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Тус эмнэлгийнхэн нийт 11 816 хагалгаа хийснээс 8089 буюу 68.5 хувийг Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасагт харьяалагдаж байна. Үүний 34.7 хувь буюу 2800 нь яаралтай хагалгаа байжээ. Эдгээр үзүүлэлт нь хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээний хэрэгцээ, ачаалал өндөр байгааг харуулж буйг эмч нар тодотгов. Иймд оношилгоо, эмчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх шаардлагатай гэв.
Ч.Болор