Философич С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдуулан тагнуулын байгууллагаас шалгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод буй билээ. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүргүүлсэн байна. Уг саналыг тухайн өдөр нь шүүгч Ч.Алдар хянаад, өмгөөлөгч, прокурор зэргийг байлцуулан хурлыг нь хийж хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн зургаан хуудас хүсэлт, найман хуудас баримтыг хэлэлцүүлсэн аж. Улмаар С.Молор-Эрдэнийн хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг энэ сарын 30-наас эхлэн нэг сараар сунгахаар шийдвэрлэв.
Тэрбээр Монгол Улс, Чингис хаанаа үгүйсгэн ярилцлага өгч, Хятадад нэгдэх хэрэгтэй хэмээсэн нь хэрэгт шалгуулах үндэслэл болсон билээ.