Хаяа дэрлэх шахам үүдээ нээх болсон хувийн сургуулиуд хуулиас дээгүүр алхаж, дураараа дургих нь хэрээс хэтрэв. Улс дотор улс, хот дотор хот байгуулж тоглох энүүхэнд болсон тэд төрөлх монгол хэлээрээ ч сургалт явуулахаа байж, хоорондоо хэзээ ч ойлголцохгүй, огтлолцохгүй бүхэл бүтэн үе өндийлгөж байна. Энд гадаад хэл сурах, сургах тухай, түүний ач холбогдлын талаар хөндөх гэсэнгүй. Гагцхүү Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, ерөнхий боловсрол эзэмшүүлж буй сургалтын байгууллага нь төрийн албан ёсны хэлээрээ үндэсний агуулгыг эзэмшүүлэх ёстой. Гэвч хувийн сургуулиуд энэ талаар тусгасан Үндсэн болон Боловсролын ерөнхий хууль зөрчиж, хүүхдүүдэд хар багаас нь харь хэл, ёс заншил шүтэх сэтгэлгээ суулгаж байгаа нь харамсалтай. Хамгийн хоржоонтой нь ийм эрээгүй үйлдэлд нь хэн ч хариуцлага хүлээлгэлгүй, толгойг нь илсээр өдий хүрэв.
ХУВИЙН СУРГУУЛИУД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨӨР Л БАЙГ УУ
Хүүхдээ ямар сургуульд сургахаа эцэг, эх сонгох эрхтэй. Гадаад хэл эзэмшүүлэх, олон улсын хөтөлбөрөөр суралцуулах нь ч буруу зүйл биш. Харин хувийн сургуулиуд эцэг, эхчүүдийн хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх гэсэн энэ мэт эрэлтэд нь дөрөөлж, боловсролыг бизнес болгочхоод буйд л учир бий. Тодруулбал, сүүлийн жилүүдэд боловсролын зах зээлд англи, хятад, орос, япон болон бусад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиуд хүч түрэн орж ирэх болсон. Зарим нь олон улсын нэртэй хөтөлбөр хэрэгжүүлдэг бол нөгөө хэсэг нь тухайн орны сургалтын арга, төлөвлөгөөг бүхэлд нь нэвтрүүлсэн нь ч байна. Эдгээр нь хувийн сургуулиудын бусдаас ялгарах, хөгжих онцлог байж болно, үгүйсгэхгүй. Гол нь хүүхдүүдэд бэлтгэл, I ангиас нь өгсүүлээд 100 хувь гадаад хэлээр хичээл, сургалтаа явуулж байгаа нь асуудал дагуулж буй юм.
Үндсэн хуулийн 8.1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж тодорхой заасан. Ингэхдээ зөвхөн үндэстний цөөнх буюу угсаатны бүлгүүдийг өөрсдийн хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө гэж тусгайлан хамгаалсан байдаг. Мөн хуулийн 16.7-д иргэн бүр сурч боловсрох эрхтэйг баталгаажуулахын зэрэгцээ төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох, үүнд тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулах боломжийг хүлээн зөвшөөрсөн билээ. Гэтэл Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт эдүгээ ер хэрэгжихгүй, улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 900 сургуулийн 20 гаруй хувь нь төлбөртэй үйл ажиллагаа явуулахын сацуу хүссэн хэлээрээ бүх хичээлээ зааж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.
2023 оны долоодугаар сарын 7-нд шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хуулийн зургаадугаар зүйлд ч дээрх асуудлыг нарийвчлан тусгасан. Тус хуулийн 6.1-т Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна, сургалтын үндсэн гадаад хэл нь англи байна гэж заажээ. Мөн 6.2-т хуульд заасан шаардлага хангасан боловсролын байгууллага гадаад хэлээр сургалт эрхэлж болно гэсэн юм. Өөрөөр хэлбэл, гадаад хэл зааж болно, гэхдээ хязгаарыг давж болохгүйг ийн хуульчилсан хэрэг. Тэр дундаа гадаад хэлний болон олон улсын хөтөлбөртэй сургуулиуд суралцагчдадаа наанадаж монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол, Монголын түүхийн агуулгыг төрөлх хэлээрээ эзэмшүүлэх үүрэгтэй. Гэвч хувийн сургуулиуд хуульд заасан буюу монгол хэлээр эзэмшүүлбэл зохих агуулгыг ил цагаан орхигдуулсаар байхад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрынхан нүдэн балай, чихэн дүлий суусаар байдаг нь хачирхалтай.
ГАДААД ХЭЛ СУРАХ НЬ ГАР УТАС БАРИХТАЙ АДИЛ ХЭРЭГЛЭЭ БОЛСОН
Туурга тусгаар аятай байлгадаг учраас л хувийн сургуулиуд боловсролын сул орон зайд ам хазааргүй авирлаж, элсэлтийн сурталчилгаа нь хүртэл холбогдох хууль тогтоомжийг улайм цайм зөрчсөөр ирсэн биз. “Манай сургууль I ангиас бүх хичээлээ англи, хятад, орос хэлээр заадаг. Таны хүүхдэд дэлхийн боловсрол эзэмшүүлнэ” гэсэн уриа лоозон нь эцэг, эхчүүдэд ч хамгийн их таалагддаг. Даанч гадаад хэл сурах нь хүн бүр гар утас барьж, машин “унахтай” л адил энгийн хэрэглээ болсныг манайхан хараахан ойлгоогүй л байх шиг. Тиймдээ ч сургуулиуд цахим хуудсандаа сургалтын хэл, хөтөлбөрөө нээлттэй мэдээлж ирсэн. “International school of Ulaanbaatar” өөрийн IB мэдээлэлд сургалтын хэлээ англи гэж бүртгүүлжээ. “The British school of Ulaanbaatar” ч хичээл, сургалтаа англиар явуулдаг гэсэн байв. Тус сургууль нь Англи, Уэльсийн үндэсний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг тул хүүхдүүдийн хэлний түвшнийг шалгаж оруулдаг гэжээ. Цаашлаад “American school”-ийнхэн ч 20262027 оны бага сургуулийн элсэлтийн бодлогодоо монголоос өөр бүх хичээлийг гадаад хэлээр явуулна хэмээж. Кембрижийн хөтөлбөртэй “The English school of Ulaanbaatar” мөн бага ангийн сургалтын үндсэн хэлийг англи хэмээн тодорхойлж, монгол хэл, иргэний ёс зүйн боловсролыг эх хэлээрээ заадаг байна. “Ulaanbaatar elite international school” ч хичээлүүдээ англи хэлний орчинд заадаг. Тэгвэл “Шинэ үе”-ийн IB бүртгэлд сургалтын хэлийг англи, монгол гэж тэмдэглэжээ. Тэгсэн мөртлөө англи хэлийг I ангиас эхлэн үзэж, ерөнхий боловсролын сургалтын дагуух хичээлүүдийг дунд, ахлах анги хүртэл нь англиар заадаг гэсэн байв.
Түүнчлэн “Күнз” сургууль Хятадын K-12 стандарт хөтөлбөр хэрэгжүүлдэг, хятад хэлний хөтөлбөрийг нэгдүгээр ангиас хэрэгжүүлдэг. 2026-2027 оны элсэлтийн мэдээлэлд нь I ангиас хятад, III-аас IELTS-ийн бэлтгэл хөтөлбөрийн дагуу англи хэл үздэг гэжээ. Эдгээр сургууль үндэсний хөтөлбөрөө яг ямар хэлээр судалдаг нь тодорхойгүй. Хэдийгээр Боловсролын яамнаас баталсан сургалтын үндсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг гэж сурталчилдаг ч хичээлийн хуваарь, сурах бичиг, багшийн заах арга барил, шалгалтын материал, суралцахуйн үр дүнгээр энэ нь батлагдаагүй. Үүнийг салбарын яам, нийслэл, аймгийн боловсролын газар, хэлтсийнхэн, зөвшөөрөл олгогч байгууллагаас байнга шалгаж, хянах ёстой юм, уг нь. Гэвч тэгдэггүй. Харин дундаж төлбөртэй, Кембриж, Оксфордын болон олон хэлний хөтөлбөртэй сургуулиуд үндэсний цөм хөтөлбөрөө хослуулан хэрэгжүүлдэг юм билээ.
Мэдээж хүүхдэд аль болох багаас нь гадаад хэл эзэмшүүлэх нь үр дүнтэйг баталсан олон улсын өч төчнөөн судалгаа бий. Гэхдээ ондоо хэлээр математик, байгалийн болон нийгмийн ухааны агуулгыг шууд олгох нь өөр асуудал. НҮБ-ын эх хэлний сургалтын талаарх улс орнуудад өгсөн зөвлөмжид хүүхдийг сургуульд ороход ойлгодог хэлээр нь хичээл заах нь унших, математик болон ерөнхий сурлагын амжилтад эергээр нөлөөлдгийг дурджээ. Мөн Дэлхийн банкнаас гаргасан боловсролын судалгаануудад бага ангийн сурагчийг эх хэлээр нь мэдлэг олгоогүйгээс сурлагын амжилт, чанар нь суларч муудах хандлага ажиглагдсан төдийгүй энэ нь дунд анги хүртэл үргэлжилж болзошгүйг сануулжээ. Түүнчлэн ЮНЕСКО 2025 оны боловсролын удирдамждаа хүүхдийн ойлгож, ярьдаг хэлээр сургалт явуулах нь хүртээмжтэй, тэгш боловсролын гол хүчин зүйлсийн нэг хэмээсэн. Сургуульд орсон эхний жилүүдэд төрөлх хэлээр нь суурь чадварыг хөгжүүлсний дараа хоёрдогч хэл рүү шилжихэд оройтохгүй гэсэн байна. Учир нь дэлхий даяар 250 саяас олон хүүхэд төрөлх хэлээрээ боловсрол эзэмшиж чадахгүй байгаа аж. Тиймээс гадаад хэлний боловсролын зорилго нь эх хэлнийхийг орлох биш, нэмэлтээр хөтөлгөө морь шиг явах ёстойг зөвлөсөн байна.
ХҮҮХДҮҮДЭД ТЭГШ ОРЧИН, ӨСӨЖ ХӨГЖИХ ОРОН ЗАЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Тэгвэл Баян-Өлгий аймаг дахь асуудал ч сүүлийн үед хурцаар тавигдах болсон. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн дагуу казах хүүхэд казах хэлээрээ хичээлээ үзэх эрхтэй. Гэхдээ Монгол Улсын иргэний хувьд тэд төрийн албан ёсны хэлээ хангалттай эзэмшиж чадахгүй байгаа юм.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 45 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч монгол, тува хэлтэй нь ганц хоёрхон, бусад нь казах хэлээр боловсрол олгож байна.
Тиймдээ ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БаянӨлгийд саяхан ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтан, сурагчидтай уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захисан юм. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тэрбээр тодотгосон. Мөн төрийн албан ёсны хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг ч онцолсон билээ. Улмаар хүн бүр эх орондоо үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүйг, хуулиа дээдлэн сахиж, эрх тэгш амьдрах ёстойг уламжилсан нь төр, хувийн хэвшил, орон нутаг, боловсролын салбарынханд бүгдэд нь хамаатай, онцгой анхаарах ёстой сануулга байв.
Дэлхий дахинд ч хүүхдүүдээ хэрхэн сургахад багаас нь гойд анхаардаг. Финландын суурь боловсролд эх хэл, уран зохиолын хичээлийг төрөлх болон шведээр, хоёрдогчоор гадаад хэл заадаг. Япон, БНСУ, Хятадын боловсролын хуульд ч үндэсний хэл бичгийг сургуулийн үндсэн сургалтын хэл хэмээн тодорхойлсон байдаг. Өмнөд Африк зэрэг олон хэлтэй улсад мөн эх хэлний сууриа хадгалахыг зорьдог. Гэтэл манайд ялгаатай орчинд хүүхдүүд суралцаж буйг өөгшүүлсээр өдий хүрлээ. Хэдийгээр гадаад хэл сурах нь дэлхийн үүдийг нээх түлхүүр гэдэг ч тэрхүү хаалгыг томоор онгойлгохын тулд сууриа нурааж, эх хэлээ үнэгүйдүүлэн, дархлааг нь үгүй хийж болохгүй биз дээ. Эх хэлээрээ уншиж, сэтгэхгүй бол Монголынхоо шинжлэх ухаан, түүх, нийгэм, уран зохиол, яруу найраг битгий хэл, эх, эсээгээ ч ойлгохгүй, ялгахгүй. Цаашлаад монгол хүн болж төлөвшиж чадахгүй нь л жинхэнэ эмгэнэл юм.
Нөгөө талаас гадаад хэл сурах, хувийн сургуульд суралцах боломжийг чинээлэг бүлгийнхэн илүүтэй хүртдэг. Энэ нь хэтдээ нийгмийн ялгаа, боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх механизм болдгийг нийтээрээ мэддэг. Тэглээ гээд хувийн сургуулиудыг хааж боож, хавчин гадуурхах, олон хэл, хөтөлбөрийг нь эсэргүүцэх бус, хүүхэд бүр энэ улсын иргэн гэдгээ хэл, түүх, соёл, мэдлэгээрээ ухамсарлах орчин нөхцөл, өөрийнхөөрөө сэтгэж, өсөж хөгжих орон зайг бүх шатанд ижил тэгш бүрдүүлж өгөх нь чухал болоод байна. Түүнээс биш эх хэлээ уландаа гишгэсэн элит боловсрол хэрэггүй.