АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Олон улсын валютын сан (ОУВС)- гийн төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын макро эдийн засаг, эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцсон байна. Мөн шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, нөөц хадгалалтын хэмжээг нэмэгдүүлэх арга, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар болон аж үйлдвэр, цөмийн энерги, газрын тосны бүтээгдэхүүний эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр хийж байгаа ажлаа тус яамныхан танилцуулжээ. Геологийн судалгааг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын нөөцийг тогтоох, хайгуулыг өргөжүүлэх, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх бодлогоо ч мэдээлсэн аж.
Харин ОУВС-гийн төлөөлөгчид манай оронтой нягт хамтран ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдалд бодитой үнэлгээ хийхээ илэрхийлж, хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүдийг зөв хэмээн үнэлснийг АҮЭБЯ-наас мэдээллээ.