
Эм хангамжийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол хэрэгжихгүй байгаа талаар мэдээллээ.
Тус тогтоолд хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай зарим эмийн нэр, төрлийг зааж өгсөн байдаг. Гэтэл энэ нь зөвхөн "Монос" компанид зах зээлийн давуу байдал олгох болжээ. Хөнгөлөлттэй эм борлуулах квотын ихэнхийг Монос компани дангаараа эзэмшиж байгаад иргэд гомдолтой байна гэв. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй үнээр эм авахын тулд зөвхөн Моносын эмийн сангаар үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болж байна хэмээн Эм хангамжийн холбооныхон мэдэгдсэн юм.
Энэ талаар Эм зүйн шинжлэх ухааны доктор Д.Цэндээхүү ярихдаа “Манай холбоо нэг байгууллагыг дэмждэг энэ шударга бус ёс зүйгүй үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Даатгалаар эм худалдаалах эрх авсан эмийн сангууд 1-3 сая төгрөгийн квоттойгоор үйл ажиллагаа явуулдаг учраас сарын эхний хэдхэн өдөрт квотондоо хүрчихдэг. Гэтэл Монос компанийн эмийн санд хэдэн тэрбумаар нь квот өгч байна” хэмээн хэллээ.