
Энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу автомашинаар зорчиж явсан иргэн У, Б нарын машин эвдэрч зогсчээ. Улмаар тухайн өдрийн 13.00 цагийн орчимд У нь 40 настай иргэн Б-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17.00 цагийн орчимд буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болжээ. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 17-ноос 24-ны хооронд эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.
Гэтэл тус аймгийн Цээл сумын Хүйлээ хан багийн Хөвийн давааны-Ар гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт гурван км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 17.40 цагт олсон мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.