
Өнгөрсөн баасан гарагт эм зүйн шинжлэх ухааны доктор, “Монфа” компанийн захирал Д.Цэндээхүү “Монос” группийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэсэн билээ. Тэрбээр Монос группийн эмийн сангуудыг хэтэрхий монополь байдалтай байгааг шүүмжилж, худалдан авагчид зөвхөн "Монос"-ын эмийг авахаас өөр сонголтгүй болж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан “Монос” эмийн сангийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Б.Цэндээхүүг “Монос” группийн нэр хүндэд халдаж, гүтгэлэг тарааж буйд харамсаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Монгол Улсад 1800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Моносын эмийн сангийн тоо үүний таван хувьд ч хүрдэггүй. Мөн Монгол Улсад эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм худалдаалдаг 1037 эмийн сан байгаагийн 59 нь Моносын эмийн сан байна. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн дүнгээр авч үзвэл зургаан хувийг нь манай 59 эмийн сан үзүүлж байна. Хөнгөлөлтийн хувь хэмжээ хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Даатгалаар үйлчилж байгаа бүх эмийн сангийн сарын санхүүжилт эхний гурав хоногтоо л дуусчихдаг.
"Монос” групп эмийн компаниудын нэгдсэн “Эм” холбоонд харьяалагддаг. Энэ байгууллагын гишүүний хувьд манайх анхандаа тайлбар хийхэд бэлэн байсан. Жижиглэн худалдаа хийдэг эмийн сан 20 гаруй хувийн зардалтай байдаг учраас бөөний төвийн үнэ дээр 25-30 хувийг нэмээд жижиглэнгийн үнэ гардаг юм" гэлээ.
Ташрамд дурдахад, ЭМД-ын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол 2019 он долдугаар сарын 29-нд гарсан. Уг тогтоолд 818 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар бүртгэжээ.