
Ираны алдарт жүдоч, Дэлхийн аварга Моллаей Саеид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр Монгол Улсын иргэн болсон. Түүнийг Монголын ард түмэн найрсаг, халуун дотноор угтан авсанд тэрбээр маш их талархснаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын шинэ иргэний амьдрах байрыг ч бэлдэж байгаа сураг сонсогдлоо. Тодруулбал, Аса аварга Д.Дагвадорж Моллаей Саедид гурван өрөө байр хувийн зүгээсээ бэлэглэж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Монголчууд хэзээнээсээ харийн хүнийг хадаг барин угтдаг зочломтгой ард түмэн гэдгээ харуулах шиг боллоо.
Моллаей Саеид нь жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай бөгөөд арванхоёрдугаар сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлжээ.
