
Эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл болох Нийслэлийн Түргэн тусламж төвийн их эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэнсүрэн нар шатаж байсан гэрээс долоон хүний алтан амийг аварч, бахархам гавьяа байгуулжээ.
Энэхүү хүний амийг аварсан их үйлсийг нь үнэлж Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн ажилтнуудыг “Хүний төлөө” медалиар шагналаа. Эмч нар нэг айлын 2-13 насны таван хүүхэд, хоёр том хүнийг гал түймрийн аюулаас аварсан аж.
Үйл явдлыг тодруулбал “2019 оны арваннэгдүгээр сарын 19-20-нд шилжих шѳнө 04 цаг 30 минутын үед БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах айлын оршин суугчид угаартлаа гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу түргэн тусламжийнхан очиход хашааны гадна нэг эрэгтэй хүн “байшин шатаж байна, гал команд дуудаад өгөөч" гээд зогсож байсан” хэмээн Нийслэлийн яаралтай түргэн тусламж төвийн жолооч Т.Гүнтэнсүрэн ярьсан юм.
Үргэлжлүүлэн Нийслэлийн Яаралтай Түргэн тусламжийн их эмч Э.Одгэрэл ярихдаа “101 руу холбогдож, галын дуудлага өгөөд, хашаа руу ороход тухайн айлын байшингийн цонхоор гал дүрэлзэж байсан. Шатаж байсан байшингийн урд хоёр алхмын зайд байсан гэр их хурдтай шатаж эхэлсэн.

Би гэрт хүн байгаа юу гэж асуухад нөгөө хүн “хүүхдүүд байгаа” гэж хариулсан. Тэгээд би жолооч Т.Гүнтэвсүрэнгийн хамт гэрт байсан 2-13 насны таван хүүхэд, хоёр том хүнийг шатаж байсан гэрээс гаргасан. Нүцгэн унтаж байсан хүүхдүүдийг хѳнжилд нь ороогоод машиндаа зѳѳж оруулахад гэрийн тооно нь доошоо унаж байгаа харагдсан. Аз болоход хүн түлэгдэж бэртээгүй. Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн тѳв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн” хэмээн үйл явдлыг ярив.
Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд Ач Анагаах ухааны Их сургууль төгссөн бөгөөд 2017 оны 12 дугаар сараас тус төвд их эмчээр одоог хүртэл ажиллаж байна.
Харин Тавхи овогтой Гүнтэвсүрэн нь Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 2003 оноос одоог хүртэл дуудлагын жолоочоор ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа иргэдэд эрүүл мэндийн тусламжийг 23 жилийн хугацаанд нийт 17000 орчим дуудлагад тусламж үзүүлсэн тэргүүний жолооч нарын нэг юм.