
НИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” саналыг хэлэлцэж авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн.
Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр “Ард түмний штаб”-аас НИТХ-ын даргад албан шаардлага өглөө. Тус шаардлагад "Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай" шийдвэрийг 48 цагийн дотор яаралтай хүчингүй болгохыг тусгажээ.
“Иргэдийн цалин амьдралдаа хүрэлцэхгүй байхад татвар нэмж дарамтлахаа болох хэрэгтэй. Иймд татварыг нэмэхгүй, тогтвортой байлгах шаардлагатай байна. Харин өөрсдийнхөө идэж, ууж байгаа мөнгөө танаж, хямагдах хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмний нуруун дээр энэ татвар хүнд ачаа болж байна. Энэ асуудлаар бид цаашдаа ч гэсэн тууштай тэмцэх болно. Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн “Ард түмний штаб”-ын тэргүүн Б.Жагар мэдээлсэн юм.

Түүний энэ мэдэгдлийн дараа НИТХ-ын дарга Л.Давга гарч ирж шаардлагыг хүлээж авлаа. Энэ үеэр тэрбээр ярихдаа "Улаанбаатар хот улсын төсөвт жилд 320 орчим тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Төсвийн хөрөнгөөр хотын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Хотын дарга нийслэлийн хатуу хучилттай авто замын 40 орчим хувийг дахин сайжруулж, шинэчлэх ажиллаж байна. Ийм учир авто зам ашигласны төлбөрийг нэмсэн" хэмээн байр сууриа илэрхийлэн шаардлагыг хүлээн авсан юм.
“Ард түмний штаб"-ын зүгээс 48 цагийн дотор шаардлагын хариуг өгөхгүй бол энэ сарын 31-ны өдөр шинэ жил тэмдэглэхгүйгээр Төв талбай дээр жагсаал зохион байгуулна гэв.