
НОБГ, НМХГ-аас түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалтыг хийжээ. Иргэдээс ирсэн дуудлагын дагуу хяналт шалгалт хийхэд зарим нь шүүлтүүрээ суурилуулсан ч “тогны мөнгө их гарч байна” гэсэн шалтгаанаар унтраасан эсвэл ажиллуулаагүй, зарим нь шүүлтүүр гэх нэр төдий зүйл тавьсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. ААН-үүд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авахдаа яндандаа утаа шүүгч тавих үүргийг хүлээсэн байдаг.
Уг зөрчлийн талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Зөрчилтэй ААН-үүдийг Зөрчлийн тухай хуулиар 3 сая хүртэлх мөнгөн дүнгээр торгоно. Бид юутай ч агаарын бохирдлыг үүсгэж, хариуцлагаа хүлээхгүй байгаа ААН-үүдэд холбогдох арга хэмжээг авна. Бид удаа дараа шаардлага хүргүүлсэн. Тавьдаг шаардлагыг “зардал их гараад байна, эдийн засаг хүндрэлтэй байна” гэсэн шалтаг шалтгаан тоочиж, агаарын бохирдлыг үүсгэж байна. Тиймээс одоо ААН-үүдээс ямар нэгэн тайлбар авахгүйгээр 7 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлнэ. Энэ хооронд шүүлтүүрээ засаж янзал, тавиагүй нь тавь, тавьчихсан байгаа нь ажиллуул. Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд цаашид тусгай зөвшөөрөл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл зэргийг цуцлах саналуудыг холбогдох газруудад хүргүүлнэ" гэлээ.