
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” гэсэн уриан дор арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд хүний эрхийн хамгаалагчдын түүхийг сонсох, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг танилцууллаа. Мөн холбогдох байгууллагуудаас иргэдэд хүний эрхийн хуулийн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжийг олгосон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь “Энэ жил Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн үндсэн баримт болох Иргэний улс төрийн эрхийн тухай, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай, Олон улсын пактуудыг баталсны 45 жилийн ой болж байна. Мөн Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, бизнес ба хүний эрхийн удирдамжийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ийм чухал цаг үед хүний эрхийн өдөр болж байгаад таатай байна” хэмээн ярив.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргаж байжээ. Үүнээс хойш дэлхий нийтээр энэ өдрийг “Олон улсын хүний эрхийн өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна.

