
Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант суман дахь уран олборлолтыг эсэргүүцэж буйгаа иргэд өнөөдөр мэдээлэв. Уран олборлолтыг 2011 онд тус аймгийн ард иргэд тэмцэж зогсоосон боловч дахин олборлолтыг сэргээх асуудал яригдаж байна. Олборлолтыг сэргээх асуудлаар дээрх гурван сумын засаг дарга нар зөвшөөрлийн бичиг дээр нь гарын үсэг зураагүйн төлөө “Нукльер энержи Монголиа” ХХК “4-10 тэрбум төгрөгөө танай нутагт булчхаад байна. Та нар юугаараа төлөх вэ гэж дарамталсан гэнэ.
Энэ талаар “Гурван гол” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүүгээс тодруулахад “Одоо Өндөр-Удаан, Чулуут, Тариат сумын Засаг дарга нарыг байгаль орчны нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн.
Мөн дэлхийн улс орон уранаас татгалзаад байхад яагаад манай улс ураныг олборлох гээд байна вэ. Уран бол маш аюултай зүйл. Бид ураны талаар судлаад үзэхэд хорт хавдар үүсгэж, урагт нөлөөлөхүйц хөнөөлтэй. Ураны хохирлыг амссан олон орон байдаг.
Гэтэл манайд уран олборлох гээд байгаа байгууллага болоод зөвшөөрлийг өгөх гэж байгаа хүмүүс ураны талаар мэдлэг дутмаг байна. Өнөөдрийг биш ирээдүйг харж үр хойчдоо өвчин зовлон үлдээх гээд байгаа юм уу гэдгийг бодож үзэж зөв шийдвэр гаргах хэрэгтэй байна. Дээд, доод түвшиндээ ч ураны хор хохирлыг сайн судлах хэрэгтэй” хэмээн ярив.
Хэрэв уран олборлолтын асуудлын зогсоохгүй бол Бид Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэдгээ “Гурван гал” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
