
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Эрүүл мэндийн яам хамтран “Хор баяртай-Тамхинаас татгалзъя” үндэсний аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 1000 орчим сурагчид тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажил өрнүүлэв.
Тус аян нь нийслэлийн бусад дүүргүүдэд ч өрнөх ажээ. Мөн он гарсны дараа орон нутгийн ЕБС-иудын дунд зохион байгуулагдах юм байна.
Манай улсын тамхи татдаг иргэд жилдээ 3.2 тэрбум ширхэг тамхи татдаг гэсэн тоон судалгаа бий. Монголчууд жилдээ 100 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи худалдан авахад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг.
Хэрэв иргэн та тамхинаас татгалзаж чадвал та эрүүл мэнддээ болон эдийн засагтаа олон эерэг өөрчлөлтийг бий болгоно. "Хор баяртай" аян нь нийгэмд олон эерэг үр дагаврууд авчирна хэмээн албаныхан хэлж байна.
Арга хэмжээнд оролцож байгаа багш нарын төлөөлөл ярихдаа “Сургуулийн өсвөр насны хүүхдүүдэд тамхи татах асуудал их байна. Эдгээр хүүхдүүдэд сургуулийн удирдлага болон анги удирдах багш нар хяналт тавин ажиллаж байна. Сургуулийнхаа хүүхдүүдийг завсарлагаанаар хаана очиж байна, эргэн тойронд тамхи татаж байна уу гэж байнга хяналт тавьж эцэг эхчүүдтэйгээ хамтарч тамхины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгаа хийснээр харьцангуй багассан” гэлээ.
Иргэн та өсвөр үеийнхэндээ үлгэр дуурайлал болж өнөөдрөөс “Хор баяртай” аянд нэгдэж чадвал, өөртөө болон гэр бүлдээ үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийх болно гэж зохион байгуулагчдын зүгээс уриалсан юм.
