
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дотоод хяналтыг сайжруулах нь” сэдвээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бялуу, нарийн боов, хиамны үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний томоохон бөөний худалдааны төв, зах, агуулах дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтнууд оролцлоо.
МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин, хордлого халдвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналт тавьж ажиллахыг уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулав.
Уулзалт, хэлэлцүүлгээр хүнсний худалдаа, үйлчилгээнд хийгдсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, анхаарах асуудлууд, хүнсний тээвэрлэлт, хадгадалт, хаяг шошгололт, худалдаалалтад тавигдах шаардлагуудын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.