
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт олон жилийн өмнө зөвшөөрөлгүй баригдсан тоосгон 20 гараашийг тус дүүргийн Засаг даргын захирамжаар албадан буулгаж эхэлжээ.
Тодруулбал, зургадугаар хорооны 39 дүгээр байрны хойд тал, 40 дүгээр байрны зүүн тал, түргэн тусламжийн 102 төвийн авто баазын өмнө талын гараашуудыг эхний ээлжинд нураахаар төлөвлөсөн байна.
Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Өмнө нь ажил хариуцсан хэлтсүүдээс хууль, эрх зүйн хүрээнд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьсан гараашийн эздэд газрыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлж, өдөр тутмын сонин хэвлэлээр мэдээллийг зарласан юм.
Тус орчинд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/750 тоот захирамжаар 6 дугаар хорооны цогцолбор барилга барих 500 мкв газрыг дүүргийн нэр дээр олгосон байдаг аж.


