
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэд Цагаан дэл уул Өлзий боомтыг шинээр нээх, авто зам тавихыг эсэргүүцлээ.
“Өчигдөр Байгаль эх хариуцлагатай уул уурхай үндэсний чуулган болсон. Уг чуулганд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Цагаан дэл уул хэмээх байнгын ажиллагаатай ачаа тээврийн боомтыг байгуулахаар болсон. Энэ асуудлыг эсэргүүцэж ард иргэддээ болоод төр засагт ойлгуулахыг зорьсон хэвлэлийн хурал хийж байна. Уг асуудал нь 2006 оноос яригдаж эхэлсэн. 2014 онд аялал жуулчлалын зорилгоор боомт нээх тухай Засгийн газрын 42 дугаар тогтоол гарсан. Гэтэл 2018 онд Цагаан дэл Өлзий боомт хүртэл хатуу хучилттай, нүүрс тээвэрлэх зориулалт бүхий зам тавьж эхэлсэн. Өчигдөр чуулган дээр аялал жуулчлал гэдэг нь халхавч байсан нь тодорхой болсон” гэж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэллээ.
Тус аймгийн иргэн Б.Нямдорж хэлэхдээ “Ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомт баригдахаар болж буйг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн гэх хоёр боомтоор нүүрс тээвэрлэхэд эдийн засагт мөнгө дагуулж буй ч байгаль орчинд, нийгмийн талаасаа ихээхэн сөрөг дагавартай байгаа. Тэгэхээр дахиад нэмж боомт бидэнд хэрэггүй. Харин нүүрс, уул уурхай түшиглэх бус, байгалийн өвөрмөц болон үзэсгэлэнтэй тогтцоо ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлэх нь ард иргэд болон эдийн засагт ашигтай шийдэл юм” гэлээ.