
Шинжлэх ухааны академийн их чуулган боллоо. Чуулганы үеэр эрдэмтэд “Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо: Шинэ хандлага, шинэ боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Манай улс 1996 оноос даян дэлхийн тогтвортой хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцсон бөгөөд УИХ-аас 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” стратегийн баримт бичгийг баталсан. Гэсэн ч тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хангах, үүнд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хэрхэн ашиглах зэрэг асуулт өдий хүртэл хариултгүй байгаа.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Монгол Улс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг уламжлалт загвараар бус, генийн инженерчлэл, био, нано технологид суурилан хөгжүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэд дүгнэлээ.
Түүнчлэн хими, физик, биологи, математик зэрэг суурь шинжлэх ухааны заагт хийх судалгааг хөгжүүлж, шинэ материал, эм, бэлдмэл гарган авах ёстой гэж үзжээ. Үүнээс гадна эдийн засгийн салбараа байгалийн баялаг, түүхий эдийн экспортод суурилсан одоогийн хандлагаас ангижруулж, мэдлэг, инновац шингэсэн, орчин үеийн хүртээмжтэй өсөлтийн загвараар хөгжүүлэхийг чухалчлав. Их чуулганаас гарсан энэ мэт саналыг нэгтгэн, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэх юм байна.