
Флоренс Виддиком гэдэг зургаан настай Британи охины “Tesco” дэлгүүрээс худалдаж авсан Зул сарын мэндчилгээтэй багц ил захидал дундаас Хятадын шоронд хоригдож байгаа гадаадын иргэдээс тусламж хүссэн зурвас олджээ. Энэ тухай Sky News мэдээлэв. “Бидний хүслийг үл харгалзан энд албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Хүний эрхийн байгууллагад мэдэгдэж бидэнд туслана уу” гэж Санта Клаусын малгайтай муурын зурагтай ил захидалд бичсэнийг тус телевизийн суваг үзүүлжээ. Охин зурвасыг хараад хэн нэгний наргиа гэж эхэндээ боджээ. “Би ширээний ард суугаад найз гартаа зориулсан ил захидалд гарын үсгээ зурж байсан юм. Гэтэл нэг мэндчилгээн дээр хэдийнээ юм биччихсэн байсан. Ээж бид хоёр учрыг нь олох гэж бараг цаг гаруй болсон” гэж охин ярьсан байна. “Tesco” дэлгүүр энэ бүхэнд цочирдож байгаагаа илэрхийлээд мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ уг ил захидлыг хэвлэдэг Хятадын компанитай хамтын ажиллагаагаа зогсоосноо мэдэгджээ. ВВС агентлагийн мэдээлснээр ил захидалд Чиньпу шоронд хоригдож байсан Питер Хамфри гэдэг сэтгүүлчтэй холбоо барих хүссэн байжээ. Охины эцэг эх тэр хүнтэй холбоо барихад сэтгүүлч цааш тус шоронд хоригдож байсан бусад хүмүүстэй холбогджээ. Тэдгээр хүмүүс Чиньпу шоронд үнэхээр албадан хөдөлмөр эрхлүүлдгийг баталсан байна.
