
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн мэдүүлэв.
Татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөв төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа иргэдэд буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгээ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломжтой.