
Татварын ерөнхий хуулиа шинэчлэн найруулж, ирэх 1-р сарын 1-ээс хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээнд орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн журамд тодорхой өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал албан татвар төлөгч нь өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байсан бол шинэ хуулиар нэмэлтээр дагавар, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийн сургалтын төлбөрт хөнгөлөлт эдлүүлэхээр болжээ.
Өмнө нь 30 хүртэлх сая төгрөгийн орлого чөлөөлж, 3 сая хүртэлх төгрөгийн албан татварыг буцаан олгодог байсан. Харин 2020 оны 1-р сарын 1-ээс 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж, татвар төлөгч иргэнд буцаан олгохоор болжээ. Эсвэл ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлтийг эдлүүлэх юм байна.
Албан татвар төлөгчдөд эдлүүлэх ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хоёрдугаар сарын 15-ыг дуустал дүүргийн татварын хэлтсүүдэд хүлээн авна. 2020 он гармагц, бүрдүүлэх материалын жагсаалтыг олон нийтэд хүргэх юм байна.