
“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ.