
Монголын санхүүч, эдийн засагч нар нэгдэж тэтгэврийн реформ хийх ТББ байгуулагдсантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэтгэврийн реформ хөдөлгөөний гол зорилго нь тэтгэврийн тогтолцоог реформ хийхэд байгаа юм.
“Монгол улс чөлөөт зах зээлд шилжсэн боловч тэтгэврийн тогтолцоо маань шилжээгүй социализмын үеийнхээр хэвээр байгаа юм. Үүнээс болоод ямар асуудлууд үүсэж байна вэ гэхээр тэтгэврийн тогтолцооны удирдлага алдагдсанаас болж хэдэн зуун тэрбум төгрөгийн хямралд жил болгон ордог. Мөн тэтгэврийн тогтолцоог улс төрчид элдэв халамж, тэтгэвэр хэлбэрээр тарааж түрүүч маягтай ашиглаж байна. Өнөөдөр нэг сая төгрөгийн цалин авлаа гэхэд хоёр зуу гаруй мянган төгрөгийн нийгмийн даатгал төлдөг. Энэ мөнгөө хэзээ ч эргүүлж олж харахгүй энэ тогтолцоог өнгөрсөн 30 жил бий болгосон байгаа юм. Тиймээс бид энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Иймд өөрчлөлтийг реформ хийж нэг мөсөн өөрчлөх цаг болсон гэж бодож байна”. гэж Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг хэллээ.
Манай дундаж тэтгэвэр Англичуудынхаас мөнгөн дүнгээр нь харьцуулан харвал 20 дахин, худалдан авах чадвараар нь үнэлбэл 10 дахин бага байна. Тэтгэврийн системээ Англи, Нидерландынх шиг буюу гурван тулгууртай болгох хэрэгтэй. Бас тэтгэврээ хүүхдүүддээ өвлүүлдэг байх эрхтэй. Гэтэл манай улсад тэтгэврийн зээл нь л өвлөгддөг байна.
Гэтэл манай улсад “Улс төрчид дандаа гал унтраах арга хэмжээ авдаг. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх шийдвэрийг цуцалсан. Гэсэн ч цаана нь асуудал хэвээр байна. Мөн тэтгэврийн насыг 6 сараар хойшлуулаад ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. Буруу тогтолцооны хохирогчид нь өнөөгийн ахмадууд. Дараа үеийг мөн хохирогч болгохгүйн тулд бид одоо л тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэж “Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Өлзийбаяр хэлэв.
Мөн Голомт банкны ахлах эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Цагаан морин жилийн хувьсгалаас хойш олон хүн нийгэмд шударга ёс тогтоно гэж итгэж найдсаар ирсэн. Гэвч мэргэжлийн хүмүүс нэгдэхгүй бол тэтгэврийн тогтолцоог хэн ч өөрчлөхгүй юм байна. Иймд иргэний хувиар энэ хөдөлгөөнд нэгдлээ. Залуучуудад хандаж хэлэхэд хөгшрөхгүй юм шиг, өвдөхгүй юм шиг битгий бодоорой. Биднийг урт амьдрал хүлээж байна. Насны эцэст гавьяаны амралтаа авахдаа бид гадаадад амрах хэмжээний орлоготой байя гэвэл энэ асуудалд анхаарлаа хандуулаарай. Цаг хугацаа хурдан өнгөрдөг. Энэ бол нийгмийн захиалга. Манай нийгмийн дийлэнхийг залуус бүрдүүлж байна” гэв.