
Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий.
Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ба мэргэжлийн операторчноор буудуулах шаардлагатай гэдгийг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог гэдгийг сануулсан юм. Нийслэлийн онцгой байдлын газрын 150 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.