
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргалаа. Тус захирамжтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Уг захирамжтай холбоотой мэдээллийн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэлэхдээ “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Мөн зорилтот жилийн хүрээнд байгууллага нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон” хэмээн хэлэв.
Мөн 2020 онд олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгаа бөгөөд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус ажлын хүрээнд хотын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар болжээ.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хоёрдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу болгох ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж, зургадугаар сарын 1 гэхэд тэдгээрийг бүрэн аюулгүй болгоно. Мөн бид энэ жил хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн 2019 онд бид хотын стандартын баримт бичиг болох гурван товхимол гаргасан. Улаанбаатар хотод өмнө нь стандартын баримт бичиг гэж байгаагүй. Тэгвэл энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичиг нэмж боловсруулаад батлуулахаар ажиллаж байна" гэв.
Иймд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Улаанбаатар хот нэг стандарттай болсноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөх боломжтой байна.