
МАХН-аас өнөөдөр ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлын талаар мэдээлэл хийлээ. Уг асуудлын талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “МАХН 2019 онд “Өргүй Монгол үндэсний хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж, өрийн дарамтад байгаа иргэдтэй уулзан, судалгаа хийсэн. Үр дүнд нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх нь Монгол Улс улс төр, эдийн засгийн хямралаас гарах нэг шалтгаан юм байна гэх дүгнэлтэд хүрээд байгаа юм.
Иймд уг асуудлыг шийдэх гарц гаргалгааг төрийн эрх барьж буй эрх мэдэлтэй албан тушаалтнуудад хүргүүлж, албан ёсны хүсэлт тавьсан. Тэр утгаараа 2020 оны шинэ жилийн мэндчилгээндээ ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх санал санаачилгыг Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдийн хүрээнд авч хэлэлцээд тэтгэврийг тэглэхээ зарласан билээ.
МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх уг санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна.
Мэдээж аливаа асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх хэрэгтэй” гэдгийг онцлон хэлэв.