
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймагт томуу өвчний дэгдэлтийн түвшин 15.6-26.6 хувьтай байгаа ажээ. Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 13 хүртэл түр зогсоогоод байгаа юм. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалд тусгаснаар нийт өвчлөгсдийн 15-аас дээш хувь нь томуу өвчнөөр өвчилсөн бол хөдөлгөөнийг хязгаарлахаар заажээ. Аймгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох эрх нь тухайн аймгийн Засаг даргад хамаардаг. Гэхдээ дээрх дөрвөн аймгаас бусдад нь цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.