
Баян-Өлгий аймгийн Сагсай сум 6 дугаар багийн Даян нуур гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км-т иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын ачааны автомашин 2019 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Даян нууран дээр зорчиж яваад мөс цөмөрч живжээ. Энэ дуудлагыг тухайн өдрийн 05:30 цагт хүлээн авсан байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон байна. Автомашиныг татан гаргаж өгөх хүсэлтийг 2019.12.25-ны өдөр дахин гаргасан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр татан гаргаж ажиллагааг нэгдүгээр сарын 3-ны өдөр эхлүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын найман алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашин, нийт 38 хүн, 8 автомашинтай нэгдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нуурын усанд 3 метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг Зил-130 ачааны 3 автомашинаар татаж, автомашины хойд талыг нуурын уснаас 50 см гаргаж, 5 тонн тоосгоос нэг тонн тоосгыг буулгажээ.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоож, 06-ны өдөр 4 тн тоосгыг буулгасан бөгөөд автомашиныг нуурын эрэг рүү татсан боловч арал нь тасарч автомашины ачааны тэвшийг хойд тэнхлэгийн хамт эрэг дээр татан гаргасан байна. Нэгдүгээр сарын 07-ны өдөр бүхээг болон урд тэнхлэгийг татан гаргахаар ажиллаж байна. Живсэн автомашин нь нуурын эргээс 500 метр орчим зайтай, мөсний зузаан 1 метр, ёроол нь 1 метр орчим шавартай байна.