
Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт 30 хувиар буурсан байхад явах давтамжийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж өнөөдөр Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлэхдээ “Одоогийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан. Тухайлбал Ховд, Увс, Баян-Өлгийд явж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус сул зогсож байна. Өөрөөр хэлбэл, нэг жолооч сард ердөө 1-2 удаа л зорчигч тээвэрлэх төдий байгаа юм. Зорчигчийн тоо нь нэмэгдэхгүй байхад аж ахуйн тоог нэмнэ гэдэг нь одоо явж байгаа жолооч нарын өдрийн хоолны талыг булааж байгаа хэрэг. Мөн УИХ-ын зарим гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар зорчигчдын нэрийг барьж, авто тээврийн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, хот хооронд явах нийтийн тээврийн давтамжийг нэмэхээр болоод байна” гэлээ.
Иймд хот хоорондын зорчигчдын нэрийг барьж, аж ахуйн тоог нэмэх гэж буй энэ асуудлыг нийт тээвэрчид эсэргүүцэж байна.