
"Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай" хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ талаар анх ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулга нийтэд мэдээлсэн билээ. Хуулийн төслийг УИХ-д суудалтай МАН, АН, МАХН намууд бүгд дэмжиж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл ХҮН нам зарим иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхийг эрс эсэргүүцэж, нийт ахмадын тэтгэврийг нэмэх, тэтгэврийн шинэчлэлийн цогц арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардлаа.
Энэ талаар тус намын дарга Б.Найдалаа "Тэтгэврийн зээл нэмэхийн оронд өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлж, сарын дундаж тэтгэврийг 750 мянган төгрөгт хүргэ. Тараах мөнгөтэй юм бол Засгийн газар 2019 оны эхээр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг нийт иргэддээ олго" гэв.
Мөн тус намынхан өндөр настнуудын ядуурлыг бууруулах зорилготой суурь тэтгэвэр, төрийн болон хувийн хэвшлийн удирдлагатай албан журмын хуримтлалын тогтолцоо, сайн дурын хуримтлалын тогтолцоо гэсэн гурван давхаргат өндөр насны тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхийг эрх баригчдаас шаардлаа.
ХҮН-ийн Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд "Тэтгэврийн шинэчлэлийг хийхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг АМНАТ-ийн орлогоос гаргах, үүнтэй уялдуулан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Байгалийн баялгийг ашиглах Монгол төрийн бодлого нь зөвхөн сонгуульд чиглэсэн, зээлтэй ахмадуудын өрийг нэг удаа барагдуулах төдий бус, харин урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, эдүгээ ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга, хүртээмжтэй байх ёстой гэж хэдхэн долоо хоногийн өмнө та бүгдийн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсныг УИХ-ын бүх гишүүдэд анхааруулан сануулъя" гэв.